Дэлхийгээр тархан суурьшиж, амьдарч, ажиллаж буй монголчууд маань өв соёлоо сурталчлан, түгээхийн зэрэгцээ тухайн газар, нийгмийн уламжлалаас суралцан, тэдэнтэй хөл нийлүүлэн алхаж, өөрийгөө хөгжүүлэн, зарим нь манлайлан, цойлж, улсынхаа нэрийг тодруулж байгаа нь бахархалтай. БНСУ-д сурч, ажиллаж байгаа монголчууд бодибилдинг, фитнессийн тэмцээн зохион байгуулжээ. Сонирхуулахад, тус улсад Мишээл хэмээх нэрээр олны танил болсон Э.Пүрэвдаваа тэндхийн алдартай тэмцээн “Musclemania”-д оролцож, бикини миссийн төрөлд гуравдугаар байр эзэлсэн нь өнгөрсөн жил.
Тэгвэл эх орон нэгтнүүдийнхээ дунд зохион байгуулсан монголчуудын тэмцээн энэ сарын 15-нд Сөүлд таван ангиллаар болж, 80 орчим хүн өрсөлджээ. Тэмцээний бикини мисс төрөлд тэргүүлсэн Д.Хишигсайхантай холбогдож энэ талаар асуусан юм. Тэрбээр нэг жил гаруйн хугацаанд эл спортоор хичээллэж байгаа бөгөөд түүний дасгалжуулагч багш С.Одбаяр олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцож байсан туршлагатай нэгэн аж. Хүний нутагт урт цагаар ажиллаж, суралцахын зэрэгцээ бялдаржуулах спортоор хичээллэхэд санхүүгийн боломжоос эхлээд тэсвэр тэвчээр их шаарддаг учраас С.Одбаяр монголчууддаа зориулан тусад нь хөтөлбөр боловсруулж, хөнгөлттэй үйлчилдэг гэдгээрээ танигдсан юм байна. БНСУ дахь Монголын бодибилдинг, фитнессийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Мистер, мисс” тэмцээнийг энэ удаа таван шүүгч дэнсэлсний гурав нь солонгос, хоёр монгол аж.
Бэлтгэсэн: Э.Хана