Чөлөөт бөхийн тамирчин, олимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Ж.Даваажав агсны хөшөөг төрсөн нутаг Булган аймгийн Спорт хорооны өмнөх талбайд өнгөрсөн амралтын өдөр босгов. Түүний ах дүүс, үр хүүхэд, найз нөхөд нь энэ ажлыг санаачилж, Тэшиг сумын зон олонтой хамтран зохион байгууллаа.
Ж.Даваажав 1952 оны зургадугаар сарын 20-нд Булган аймгийн Тэшиг сумд төржээ. Тэрбээр чөлөөт бөхөөр 1968 оноос хичээллэж, 1980 онд Москвагийн олимпын наадмын 74 кг-д хүч сорьсон юм. Дэвжээнд нэгдүгээр тойрогт Камеруны бөх Тонье, дараагийнхад нь Пакистаны Ц.Жума, Европын аварга Румыны Ж.Пырколэбу, Италийн Р.Николиныг цэвэр ялж, хагас шигшээд олимп, дэлхийн аварга Павел Пинигинтэй таарч барилдан 2:2 оноотой, цаг дуусахаас 20 секундын өмнө идэвхгүй барилдсан хэмээн хоёул гурван торгуультай дэвжээнээс буусан байна. Зургаагийн даваанд Чехасловакийн бөх ДАШТ-ий мөнгөн медальт Дан Карабинтай учраа таарчээ. Түүнд ялагдвал медальгүй хоцрох, ялбал олимпын аваргын төлөө хүч үзэх тун хариуцлагатай барилдаан байв. Манай бөх түүнийг 7:5-аар буулган авахад нөгөө дэвжээнд алдарт бөх П.Пинигин Болгарын Валентин Райчевт ялагджээ. Ийнхүү чөлөөт бөхийн 74 кг-д олимпын аваргын төлөө барилдах Монгол, Болгарын бөх нэг цаг, мөчид тодров. Тэд аваргын төлөөх барилдаанд оноо 5:5 болж тэнцэн, В.Райчев олимпын аварга болох хожлын оноо авснаар Ж.Даваажав мөнгөн медаль хүртсэн түүхтэй.