Дэлхийн аварга, шатрын их мастер А.Карповын хамт
Урлаг, улс төр, бизнесийн ертөнцөд амжилттай яваа олны танил эрхмүүдтэй зөвхөн спортын тухай ярилцдаг “Таван цагариг”-ийн уламжлалт булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, сүүлийн үед бестселлер болоод байгаа “Шийдэмгий нүүдэл” номын зохиогч Б.Саранчимэгийг урилаа.
-Сайн байна уу. Таныг шаггүй шатарчин гэж мэднэ. Анх хэдэн настайгаасаа шатар тоглож эхэлсэн бэ. Яагаад шатарт татагдав?
-Намайг бага байхад айл, саахалтын өвгөд шатар их тоглодог байлаа. Тэдний шатрын хөлөг дээрх хөөрхөн дүрснүүдийг эхлээд шохоорхон хардаг байсан бол сүүлдээ хэрхэн яаж нүүгээд байгаа нь сонирхол татаж эхэлсэн. Ингэж л харсаар байгаад нүүдэл мэддэг болсон хэрэг. Долоон настайдаа анх айлын өвөөтэй тоглосноо санадаг юм.
-Шатрын хөлгийн ард тун олон удаа сууж, тоолж баршгүй олон өрөг нүүсэн байх. Уралдаан тэмцээнд оролцож, амжилт гаргаж байв уу?
-Би сургууль соёл, ажил, амьдрал гэсээр шатраар дагнан хичээллэж чадаагүй л дээ. Гэхдээ шатраас огт хөндийрөөгүй өдий хүрсэн. 2018 онд Италид болсон сонирхогчдын шатрын дэлхийн аваргад оролцож, хэсэгтээ 10 дугаар байр эзэлж, 2019 онд ОХУ-д болсон Олон улсын парламентын гишүүдийн шатрын аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд оролцож, эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлж, эрэгтэйчүүдтэй өрсөлдөн эхний Х байрт орж байв. УИХ-ын гишүүдийн дунд зохиодог “Цэцэн түшээ” тэмцээнд тэргүүлж байсан юм байна. Гэхдээ би шатраар тэмцээн уралдаанд оролцохоосоо илүү амьдралд минь маш их хэрэг болдогт нь дурладаг юм.
-Тухайлбал?
-Шатар тоглодог хүн тэвчээртэй, аливааг олон талаас нь хардаг, логик сэтгэлгээтэй, шинээр сэтгэдэг, алсын хараатай, ой сайтай, үйлдлээ, өөрийгөө хянах чадвартай, тооцоолон бодох сэтгэлгээ өндөр, амьдралд тохиолддог бэрхшээл саадын өмнө өвдөг сөхрөхгүй, гарц гаргалгаа гаргаж чаддаг болдог гээд олон талын эерэг нөлөөтэй. Тиймээс ч би хүүхэд багачуудыг шатар тоглодог болгох, ирээдүйн дэлхийн аварга төрүүлэх том зорилготой “Ногоон бэрс” шатрын клубийг Баянзүрх дүүргийн 10 гаруй цэцэрлэг, сургуульд байгуулж, 6000 гаруй хүүхдэд шатар өгч, сургалт, тэмцээн зохион байгуулсаар байна.
-Шатрын ертөнцийн томчуултай уулзаж байв уу?
-Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжинов болон А.Карпов, В.Ананд, В.Крамник, А.Костенюк, М.Чибурданези, Жю Вэн Жүн гээд алдартай дэлхийн аваргууд, Н.Шорт, Х.Накамура нарын шилдэг их мастертай уулзаж, ярилцаж явсан.
-Та бид хоёрын яриа зөвхөн шатрын тухай болоод байна. Спортын өөр төрөл сонирхдоггүй гэж үү?
-Сонирхолгүй яах вэ. Нөхөр маань спортын, тэр дундаа хөлбөмбөгийн улаан фэн. Хань минь Итали, би Аргентины хөлбөмбөгийн шигшээ баг, Мессиг дэмждэг. 2018 онд ОХУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ болон аваргын төлөөх тоглолтыг цэнгэлдэхэд, яг дэргэдээс нь цуг үзсэн. Үгээр хэлж чадамгүй гоё мэдрэмж авч, хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамжтай үлдсэн дээ. Мөн NBA-ийн плей-оффын “Денвер наггетс”, “Лос-Анжелес лэйкерс” багийн тоглолтыг үзэж, Коби Брайант, Шакил О Нил, Аллен Айверсон, Кармело Антони нарыг харж байлаа. Хоккейгоор NHL-ийн “Детройт ред уингз”, “Колорадо эвеланш” багийн тулааныг үзэж байсан юм байна. Тоглолтын дараа хоккейчидтой Мөнхөө бид хоёр гар барьж, Хашек, Зеттерберг, Дацюк, Лидстрейм гээд гол гол тоглогчтой нөхрийгөө “патиар” татуулах агшинд зурагчны үүрэг гүйцэтгэсэн сайхан дурсамж ч бий.
-Таны “Шийдэмгий нүүдэл” ном уншигчдын сонирхлыг их татаж, бестселлер болж байгаа. Энэ номынхоо талаар товч өгүүлээч?
-Шатар бол амьдралд маш ойрхон спорт. Шатрын ерөнхий зарчим, тактикийг өөрийн туулсан, үзэж өнгөрүүлсэн амьдралтайгаа уялдуулж бичсэн. Хүүхэд, хөгшидгүй уншихад амар, энгийн үг хэллэгээр тайлбарлаж бичсэн нь олны сэтгэлд хүрч байгаа юм шиг байна билээ.
Бэлтгэсэн: Ц.Энхтүвшин