Өгсүүр, уруу, огцом эргэлт, дов сондуул, чулуу хадтай 2.2 км бүхий бартаат дугуйн стандарт замыг “Cross country” гэж нэрлэдэг. Хасах нэг градустай, салхитай өдөр Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүүгийн нэрэмжит уулын дугуйн УАШТ “Sky resort” цанын баазад өнгөрсөн бямба гарагт боллоо. Тэмцээнд 28 багийн 182 тамирчин 18 насны ангилалд ширүүн өрсөлдөв. Бартаатай замыг элит тамирчид таван минут таван секундэд туулсан. Дугуйн спортыг монголчууд маш их сонирхох болсныг тэнд очоод л мэдэв. Яг л гадаадад тэмцээн очиж үзэж буй мэт “урагшаа” гэж хашхирах хөгжөөн дэмжигчид өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байлаа. Тэд ч сонирхсон спортынхоо мэргэшсэн тамирчин шүү гэх ид хавыг жинхэнэ утгаар нь харуулсан. Дугуйны энэ төрлийн уралдаан нь тамирчдаас авхаалж самбаа, эр зориг, ур чадвар шаарддаг. Хурд сорьсон УАШТ болон “Дугуйн баяр”-ыг 2018 онд эл замд зохиож байжээ. Харин энэ жилийн уралдаанд зориулан уруудах замыг нь нэлээд өөрчилж, илүү бартаатай болгосон байна. Энэ удаа орон нутгаас олон тамирчин өрсөлдсөн. Тухайлбал, Өвөрхангай, Булган, Өмнөговь, Баянхонгор, Дорноговь, Төв, Сүхбаатар, Дархан-Уул, Орхоны багийнхан оролцлоо. Тэр дундаа Өвөрхангай, Баянхонгорын баг тамирчид анх удаагаа УАШТ-д өрсөлдсөн юм. 2018 онд уралдсан тамирчид таван минут 30 секундэд хурдалж байсан бол энэ удаа 25 секундээр урагшлуулж, дээд амжилт тогтоов.
Эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Мягмарсүрэн, эмэгтэйчүүдээс Б.Мишээл нар түрүүлж, аварга боллоо. 17-18 насныхны тойргоор уралдах уралдааны дундаж хурд нь зургаан минут 30 секунд юм. Уг ангилалд эрэгтэйчүүдээс Сүхбаатарын “Шилийн богд” клубийн тамирчин Э.Жавхланбат, эмэгтэйчүүдээс Төв аймгийн дугуйчин Г.Номин-Эрдэнэ нар шалгарсан. Мастер ангиллынхны уралдааны дундаж хурд долоон минут, 30 секунд. Тус ангилалд 30-39, 40-49, 50-иас дээш насныхан өрсөлдсөн. Харин сонирхогчийн ангилалд 23-34 насны 35 тамирчин хурд сорив. Сонирхуулахад, энэ ангилал бусдаас хамгийн олон тамирчинтай байлаа. Тэдний тойргоор уралдах замын туулах дундаж хурд нь найман минут. Тэмцээн өндөрлөсний дараа Б.Мягмарсүрэн “Би 2005 оноос дугуйн спортоор хичээллэсэн. Одоо 15 жил хурд сорьж байна. Өнгөрсөн хугацаанд Монголд үүн шиг “галзуу” хөгжөөн дэмжигчидтэй уралдаан болж байсангүй. Тэд маш их урам зориг өгч, түрүүлэхэд минь түлхэц болсон” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Бэлтгэсэн: У.Түвшинбаяр