Аймаг, дүүргийн олимпийн зөвлөлүүд нь улс орон даяар Олимпийн хөдөлгөөнийг өрнүүлж, олон нийтэд олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий МҮОХ-ны салбар байгууллага билээ.
Өчигдөр/2020.10.09/ Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар Улаанбаатар хотын 8 дүүргийн олимпийн зөвлөлийн дарга, арга зүйч нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Олимпийн зөвлөлүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Үүний хүрээнд МҮОХ-ноос Олимпийн зөвлөлүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, эрх зүйн чадамжийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, санхүүгийн чадамжийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг өрнүүлж буйг мэдээлэв.
Мөн МҮОХ-ноос хэрэгжүүлэх аймаг, дүүрэг, сумдад спортын заал талбайг нэмэгдүүлж, ард иргэдэд биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг дадал болгон нийтийн эрүүл мэндийг хамгаалах төсөлд хамтран ажиллахаар хэлэлцэв.