“Сокол” ХХК-ийн нэрэмжит бадминтоны насанд хүрэгчдийн болон сонирхогчдын УАШТ Орхон аймгийн “Хангарьд палас”-т өчигдөр эхэллээ. Эхний хоёр өдөр болсон насанд хүрэгчдийн УАШТ-д 11 аймгийн 54 тамирчин, харин 25-наас 27-нд зохион байгуулах сонирхогчдын тэмцээнд 12 аймгийн 130 гаруй бадминтонч өрсөлдөх юм. Уг тэмцээнийг 16 дахь удаагаа зохион байгуулж байна. Бадминтоны тамирчдаас олон улсын хэмжээний мастерын болзол хангасан М.Батдаваа “Токио-2020” олимпод оролцохоор эрхийн оноогоо цуглуулж байна. Тэбрээр дэлхийд чансаагаараа 202-т бичигджээ. Мөн тамирчин Э.Сумъяасүрэн өнгөрсөн жил Хятадад болсон Азийн аваргын ганцаарчилсан төрөлд шигшээ 16-д үлдсэн талаар Бадминтон сонирхогчдын холбооны сургалт, спорт хариуцсан мэргэжилтэн Ө.Ишхүү хэллээ. Бадминтон сонирхогчдын холбоог 1999 онд найман тамирчны бүрэлдэхүүнтэй Орхон аймагт байгуулж байжээ. Одоогоор эл спорт 16 аймагт хөгжиж, сонирхогчид ч нэмэгдсэн аж. Эл спорт нь 2000 гаруй жилийн өмнө Грек, Хятадад үүсэж, 180 гаруй улсад өндөр хөгжжээ. 1992 оноос эхлэн олимпын наадамд таван төрлөөр багтах болсон гэнэ.
Бэлтгэсэн: Б.Лхам-Эрдэнэ