Жирийн хүний санаанд оромгүй этгээд гэмээр спортын төрөл сүүлийн жилүүдэд олноор бий болж байна. Тэдний дунд хоорондоо хэзээ ч зохицохгүй гэж болохоор хайбрид спортын төрөл ч бий. Тухайлбал, шатар болон бокс. Шахбокс гэх энэ спортын талаар хүмүүс төдийлөн мэдэхгүй. Энэ төрлийн тэмцээн цөөнгүй болдог бөгөөд өөрийн гэсэн аваргуудтай.
Шатарчдыг сул дорой, хүчгүй, харин боксчдыг мулгуу, тэнэг гэж эртнээс бодсоор ирсэн. Гэвч энэ сул талуудыг өөрчилж, огт боломжгүй мэт санагдах мэргэжлийн хоёр спортыг нэгтгэх хүн 2003 онд гарч иржээ. Шахбоксыг санаачлагч нь спортоос тун хөндий нэгэн боловч энэ нь түүнд эл сонирхолтой спортын төрлийг бий болгоход саад болсонгүй.
Шатар, боксыг нэгтгэж спортын нэг төрөл болгох санаа анх зураач Энки Билалд төрсөн гэдэг. Тэрбээр 1992 онд гаргасан “Froid-Equateur” комикстоо шахбоксын санаагаа тусгасан байна. Гэхдээ энэ спортыг ажил хэрэг болгосон хүн бол Ипе Рубинг юм. Тэрбээр мөн л зураач мэргэжилтэй. Шахбоксын анхны тэмцээн И.Рубингийн эх нутаг Нидерландад 2003 онд болсон аж. Тэрбээр анхны аваргаар нь (дунд жин) тодорчээ.
Танд шахбоксын спорт шоу, хошин шог мэт санагдаж болох ч үнэндээ энэ бол тун “буурь суурьтай” спорт гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Дэлхийн шахбоксын холбоог (WCBO) 2003 онд байгуулсан бөгөөд цөөнгүй улсад эл спортын мэргэжлийн клуб ажилладаг. Хамгийн том нь Германы Берлин хотод бий, 50 гаруй тамирчинтай.
Бүх л спортын нэгэн адил шахбокс дүрэмтэй. Хоёр тамирчин нийт 11 раундын турш хүч үздэг. Эхний раундад тамирчид дөрвөн минутын турш шатар тоглоод нэг минут амрах бөгөөд хоёрдугаар раундад гурван минутын хугацаатай тулалдана. Энэ мэтчилэн оюун ухааны болон биеийн хүчний өрсөлдөөн 11 дүгээр раунд хүртэл үргэлжлэх юм. Өөрөөр хэлбэл, тамирчид зургаан раунд шатар, таван раунд бокс тоглодог. Өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулсан эсвэл шатрын хөлөг дээр мадалсан нь ялагчаар тодорно. Түүнчлэн өрсөлдөгч нь бууж өгвөл, шатар тоглох хугацаа нь дуусвал техникийн нокаутаар ялах боломжтой.
2007 оноос хойш боксын раундын хугацааг гурван минут болгож нэмсэн нь өмнөх ихэнх тулааны ялагч шатрын хөлгийн ард тодорч байсантай холбоотой. Мөн тамирчин шатрын нүүдэл хийлгүй удвал шатрын шүүгч сануулга өгнө, хоёр дахиа сануулга авбал тэмцээнээс шууд хасдаг гэнэ.
Бэлтгэсэн: Н.Энхбаяр