Модон бөмбөгийн улсын аварга шалгаруулах 2020 оны тэмцээн энэ сарын 12-13-нд Багануур дүүрэгт, анх удаа олон улсын түвшинд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд "Мон Топ" баг, "Залуу-Од" спорт клуб, "Дархан-ШУТИС", ХААИС, "Багануур" болон"Топ трейд", "Эрдэнэс-тавантолгой" ХК, Голомт банк, Төв аймгийн Мөнгөнморьт сум дах ШШБЕГ-ын 417-р анги, Улаанбаатар хотын баг, Багануур дүүргийн “Уурхайчин”, "Мон-Алтиус" БТДС-Мон", Ховд аймгийн зэрэг 11 багийн нийт 84 тамирчин оролцлоо. Тамирчид 2 өдрийн туршид цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, холимог хос баг, талбайн цохилтын тэмцээн гэсэн 5 төрлөөр өрсөлдөж, тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу Олон улсын болон Монголын Модон бөмбөгийн холбооны шүүгчид удирдан явуулав.
Эрэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрлөөр тэргүүн байранд 166 оноогоор "Багануур" ХК-ийн тамирчин ОУХМ Б.Мөнхбат шалгарч алтан медаль, цом, өргөмжлөөөр шагнагдсан бол хоёрдугаар байранд 168 оноогоор ХААИС-ийн тамирчин, спортын дэд мастер Г.Санзайдорж, гуравдугаар байранд 172 оноогоор мөн "Багануур" ХК-ийн тамирчин, спортын мастер М.Хүрэлмөнх нар шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд нэгдүгээр байрт 171 оноогоор “Залуу од” клубийн тамирчин ОУХМ Б.Оюунтуяа шалгарч алтан медаль, цом, өргөмжл хүртлээ. Хоёрдугаар байрт 183 оноогоор “Залуу Од” клубийн тамирчин, спортын дэд мастер Д.Балжинням, гуравдугаар байрт 183 оноогоор "Багануур" ХК багийн тамирчин Г.Үүрийнтуяа нар орсон байна.
Холимог хосын төрөлд "Багануур" ХК-ийн тамирчин спортын мастер З.Байтагсүрэн, тамирчин Г.Үүрийнтуяа нар 49 оноогоор алтан медаль, ХААИС багийн тамирчин, спортын дэд мастер Г.Санзайдорж, Э.Аюурзана нар 57 оноогоор мөнгөн медаль, "Залуу-Од" клубын тамирчин ОУХМ Б.Баянбулаг, ОУХМ Ж.Загас нар 63 оноогоор хүрэл медаль хүртсэн юм. Сонирхолтой нь энэ төрөлд тэргүүн байр эзэлсэн спортын мастер З.Байтагсүрэн, Г.Үүрийнтуяа нар нь "Мон-Алтиус" БТДС-ийг төгсөгч, нэг гэр бүлийн тамирчид байв. Тэд Ховдын Булган сумаас энэ тэмцээнд оролцохоор зорин ирж, ийнхүү өндөр амжилт гаргалаа.
Эрэгтэй хосын төрөлд тэргүүн байранд 48 оноогоор "Багануур ХК" багийн тамирчин спортын мастер Г.Төмөрбаатар, М.Хүрэлмөнх нар, удаах байрыг 58 оноогоор "Залуу-Од" клубын тамирчид спортын мастер Х.Пүрэвжаргал, спортын дэд мастер Н.Дорлигжав нар эзэлсэн бол 3-р байранд ХААИС-ийн багийн тамирчин М.Ууганбаяр, С.Балжинням нар шалгарч, медалийн эзэд боллоо.
Эмэгтэй хосын төрлийн тэргүүн байранд 61 оноотой Дархан ШУТИС багийн тамирчин спортын дэд мастер Г.Ижилцэцэг, Ц.Баярцэцэг нар аваргууд болж, дэд байранд 62 оноогоор Залуу од клубын тамирчин спортын мастер Б.Хишигжаргал, Б.Нямдаваа, гуравдугаар байранд 62 оноогоор “Ховд аймаг - Мон Топ” багийн тамирчин Б.Дуламханд, М.Азжаргал нар шалгарчээ.
Талбайн цохилтын тэмцээн баг тамирчдын хувьд хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй болов. Энэ төрлөөр Монголын тамирчид Дэлхийн оюутны аварга шалгаруулах болон Ази тивийн болон олон улсын тэмцээнүүдээс олон медаль хүртэж байсан юм. Эрэгтэй талбайн цохилтын ганцаарчилсан тэмцээнд шилдэг эрэгтэй 24, эмэгтэй 16 тамирчин шалгарч өрсөлдсөнөөс "Багануур" ХК-ийн тамирчин Г.Батболд тэргүүн байрыг эзлэн, 2-р байрт “Залуу-Од” клубийн тамирчин, спортын мастер, Х.Пүрэвжаргал, 3-р байрт ХААИС-ийн багийн тамирчин М.Ууганбаяр нар удаалав.
Баг болон байгууллагын нэгдсэн дүнгээр, 69 оноогоор ОУХМ Б.Мөнхбат дасгалжуулагчтай, спортын мастер Г.Төмөрбаатар ахлагчтай "Багануур" ХК-ийн баг тамирчид тэргүүлж, ОУХМ Ж.Загас дасгалжуулагчтай, ОУХМ Б.Баянбулаг ахлагчтай “Залуу-Од” клубийн баг удааллаа.
Тэмцээний нээлт болон хаалтын ёслолд Монголын Модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ, олон улсын шүүгч Ч.Эрдэнэтуяа, тэмцээний ерөнхий шүүгч, "Мон-Алтиус" БТДС-ийн багш М.Ганболд, "Голомт" банкны спорт клубын дарга Б.Баатар нар оролцон шалгарсан баг тамирчдын шагналыг гардуулав.
Тэмцээний үеэр спортын цол, зэргийн болзолоо өмнөх тэмцээнүүдэд ханган биелүүлсэн Дархан аймгийн ШУТИС-ийн багийн тамирчин Д.Мөнх-Оргил, “Залуу-Од” клубын тамирчин Б.Хишигжаргал нар спортын мастерын цол зэрэг хүртэн, “Залуу-Од” клубын тамирчин, ХААИС-ийг төгсөгч Д.Балжинням спортын дэд мастерийн цол, тэмдэг үнэмлэхээ гардан авлаа.
Түүнчлэн энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд шинэ тамирчид олноор оролцов. Хамгийн залуу тамирчин нь "Улаанбаатар багийн, 13 настай Батбаярын Чинхүслэн, хамгийн ахмад тамирчнаар ХААИС-ийн багш, 55 настай ОУХМ Ж.Загас оролцов.