Монгол Улсын аварга Н.Батсуурь допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Энэхүү хэвлэлийн хурлаар миний бие допингийн шинжилгээний хариуг өөрийн биеэр зарлая гэж бодлоо. Би өнгөрсөн долдугаар сарын 12-нд Үндэсний их баяр наадмаар үзүүрлэсэн. Түүнээс хоёр сарын дараа миний шинжилгээний хариу ийнхүү гарч байгаа юм.
Шинжилгээгээр миний биеэс "Предизин" гэх химийн эм илэрсэн. Би шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс энэ бодисийн талаар тодорхой мэдээлэл өгье гэж бодлоо. "Предизин" нь допингийн С4 төрөлд багтдаг бодис бөгөөд миний биеэс маш бага хэмжээгээр илэрсэн. Эмийн сангуудад 400 төгрөгөөр худалдаалагддаг. Би энэ эмийг уугаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Мэдээж лабораторийн шинжилгээтэй би маргахгүй. Гэхдээ миний биед гаднаас орж ирсэн гэж бодож байна. Иймд хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Үндэсний бөх сонирхогч нийт ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Залуу бөхчүүддээ хандаж хэлэхэд хоол хүнсээ анхаарч хэрэглээрэй гэж анхааруулъя" гэлээ.