Х.Хишигбат өөрийн дуртай спортуудаа нэгтгэн “Winners” клуб байгуулжээ. Уг клубийн танхимд ширээний теннис, дартс, боулинг зэрэг зургаан спортоор хичээллэх боломжтой. Тэрбээр Монголд сorn¬hole (корнхол) хэмээх шинэ төрлийн спортыг нэвтрүүлж буй юм. 2009 онд Монголын корнхолын холбоо байгуулсан ч хүмүүс энэ спортын тухай төдийлөн мэддэггүй байв. Уг спорт тэсвэр тэвчээр, ухаан, авьяас, орон зайн мэдрэмж, багаар ажиллах чадварыг шаарддаг. Энэ спортоор хичээллэх хүн биеийнхээ онцлогт тохируулж, хэт ачаалал авахгүй байх боломжтой. Мөн спортын хэрэгслийг хямд өртөгтэй, гарын доорх материалаар хийж болох юм. Ингэхдээ бөөрөнхий нүхтэй хоёр самбар, дөрвөн ширхэг уут (тамирчид шороон уут гэдэг) хийнэ. Энэ тоглоом зай талбай бага эзэлдэг онцлогтой. АНУ-д 1980-аад онд Кентукки, Индиана муж улсад тархжээ. Цааш Америкийн Корнхолын лигийг (ACL) 2015 онд Стейси Мур хэмээх хүн байгуулжээ. ACL-ийн вэбсайтад мэдээлснээр, Корнхолыг бүх түвшинд сурталчлан хөгжүүлж, лигийн тэмцээн, тоглогчийн хөгжлийг удирдах программ хангамж, аппликейшн зохион бүтээсэн байна. Тэмцээнийг ганцаарчилсан, хос, багийн төрлөөр зохион байгуулдаг. Эл спорт хамгийн өндөр хөгжсөн орон бол АНУ юм.
Америкийн Корнхолын лигийн дүрмээр 6-6 инч (150-150 мм) хэмжээтэй, 15.5-16.5 унц (440-470 гр) жинтэй давхар оёмол даавуун уут хийж, эрдэнэ шишийн үрээр дүүргэдэг байжээ. Тэгвэл сүүлийн үед уутыг ихэвчлэн хуванцар зэрэг жин, хэлбэрээ хадгалах өөр материалаар дүүргэх болсон байна. Уутны хоёр талыг өөр өөр материалаар , самбар луу шидэхэд хурдан, эсвэл удаан тогтохоор хийдэг байна. Сонирхуулахад, мэргэжлийн тоглогчид өөрийн шидэх арга барил, тактикаас хамаарч янз бүрийн материал ашигладаг аж. Самбар бүр хоёроос дөрвөн фут (0.61-ээс 1.22 м), зургаан инчийн (150 мм) нүхтэй байдаг. Нүх нь самбарын оройн ирмэгээс есөн инч (230 мм) зайтай. Самбар бүрийн дээд хэсэг нь шалнаас 12 инч (300 мм) дээш, доод ирмэг нь 3-4 инч (76-102 мм) байхаар байрлуулах ёстой. Оноо авахын тулд уутнуудыг нүх рүү шидэж оруулна, эсвэл самбар дээр буулгах шаардлагатай. Уутыг нүх рүү оруулсан тохиолдолд гурван, шидсэн уут самбар дээр тогтвол нэг оноо авна. Хэрэв уут газарт унавал оноо авахгүй.Түрүүлж 21 оноо авсан нь ялагч болдог.
Бэлтгэсэн: Б.Лхам-Эрдэнэ