Дэлхийн даамын холбооноос цахимаар зохион байгуулсан “Үндэстнүүдийн цом” тэмцээний аваргаар Монголын эмэгтэй баг тодорсон билээ. Уг тэмцээнд түрүүлсэн, даамын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдыг МҮОХ-ны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өчигдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. “Үндэстнүүдийн цом” тэмцээн зургадугаар сарын 15-наас эхэлж, хоёр сарын турш үргэлжилсэн юм. Үүнд нийт 40 орны баг тамирчид өрсөлджээ. Тус тэмцээнд манай орны охидын баг Нидерланд, Суринам, Эстони, Бразил, Беларусийн тамирчдыг хожин, Латви, Израил, БНХАУ-ын багтай тэнцсэн. Харин ОХУ, Украины тамирчдад дийлдэн, хэсгээсээ дөрөвдүгээр байрт шалгарсан юм. “Хасагдах шатанд их мастер Жан Ю, Жао Ханчинь тэргүүтэй БНХАУ-ын хүчтэй багийг бид хоёр тоглолт дараалан 6:2, 8:0-ээр илүүрхэн хожсон. Мөн “Үндэстнүүдийн цом”-д түрүүлэх өндөр магадлалтай гэгдэж байсан, дэлхийн аварга Тамара Тансыккужина, дэлхийн цомын аварга Айгуль Идрисова нараар толгойлуулсан ОХУ-ын хүчирхэг багийг хагас шигшээд 4:4, 7:1-ээр буулган авч, шилдгийн төлөө өрсөлдөх болсон” гэж олон улсын их мастер М.Нямжаргал ярилаа. Хятадын их мастерыг гурав дараалан хожсон Б.Мишээл “Манай баг найман хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Энэ удаагийн тэмцээнийг цахимаар зохион байгуулснаараа онцлог байлаа. Цахим тэмцээнд ороход орчноо сайн бүрдүүлж, тайван анхааралтай байх нь чухал юм билээ” гэсэн юм.
ДАШТ-ий мөнгөн медальт Ольга Федорович, хүрэл медальт Дарья Федорович, 64 буудалт даамын насанд хүрэгчдийн дэлхийн аварга Яна Якубович, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Виктория Никалаева нарын бүрэлдэхүүнтэй Беларусийн багтай манай тамирчид аваргын төлөө өрсөлдөн, ялсан юм.
Бэлтгэсэн: Б.Лхам-Эрдэнэ