Спортын салбар цар тахлын улмаас зогссон хүнд үед байт харвааны бага нас, өсвөр үе, залуучуудын УАШТ энэ намрын спортын тэмцээний салхийг хагаллаа. Монголын байт харвааны холбооны дэргэдэх “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” 360 талбайд энэ сарын 1-4-нд болсон тэмцээнд 10 байгууллагын 85 тамирчин ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэйчүүд, холимог багийн төрөлд цэц сорив. Энэ спортоор сонирхон хичээллэдэг залуусын хүрээ жилээс жилд тэлж, ур чадвар, авьяасаараа эн тэнцүү өрсөлддөг болсон нь тэмцээний явцаас харагдсан. Бага насны ангилалд өрсөлдсөн тамирчид 18, өсвөр үеийнхэн 60, залуучууд 70 метрээс харвав. Улаанбаатар хотоос оролцсон “Добу мэргэн”, “Галт сум”, “Эрч” клуб, “Алдар”, Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны тамирчид медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарсан. Залуучуудын ангиллын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “Алдар” спорт хорооны тамирчин М.Энхбаяр түрүүлж, Орхон аймгийн “Хангарьд”-ын харваач Э.Батбилэг, У.Чулуунбаатар нар мөнгө, хүрэл медаль өвөртлөв. Тэгвэл эмэгтэйчүүдээс “Хангарьд” спорт хорооны тамирчин М.Гэгээн аваргаар тодрон, “Алдар”-ын харваач О.Халиунсайхан шил дарж, “Хангарьд”-ын Г.Энхжин гуравдугаар байрт жагслаа.
Өсвөр үеийн эмэгтэйчүүдийн ангиллын ганцаарчилсан харваанд аваргын төлөө “Хангарьд” спорт хорооны тамирчин Г.Оюунгэрэл, Б.Буянхишиг нар ана мана өрсөлдсөн. Тэд дасгалжуулагч, ОУХМ Б.Долгорсүрэнгийн удирдлагад бэлтгэл хийдэг. Эн тэнцүү өрсөлдсөн охидоос энэ удаа Г.Оюунгэрэл илүүрхэж, Б.Буянхишиг удаалан, багийнхаа тамирчдыг баярлуулав. “Эрч” клубийн тамирчин Б.Цолмон хүрэл медаль хүртэж, сүүлийн үед хүч түрэн орж ирж буй харваачдаас өсөх ирээдүйтэйгээ харууллаа.
Тэгвэл эрэгтэйчүүдийн ганцаарчилсан харваа өрсөлдөөнтэй эхэлж, “Алдар”-ын тамирчин Х.Хүчитчулуун өрсөлдөгчдөө онооны давуугаар буулган авснаар “Галт сум” клубийн Н.Хатанзориг, “Ирээдүйн одод”-ын Т.Дамдинбазар нар II, III байр эзэлсэн юм. Энэ жилийн байт харвааны тэмцээнд “Алдар”-ын харваачдыг “Хангарьд”-чууд ихэд сандраав.
Өсвөрийн эмэгтэйчүүдийн багийн төрөлд “Хангарьд” спорт хорооныхон аваргалж, “Эрч” клуб, “Ирээдүйн одод”-ын баг, тамирчид удаалж, мөнгө, хүрэл медаль зүүлээ.
Өсвөрийн эрэгтэйчүүдийн багийн харваанд “Хангарьд” спорт хорооны тамирчид аваргаар тодорч, “Алдар”-ынхан II, “Тэнгэрийн нум” клубийнхэн III байрт жагссан.
Залуучуудын ангиллын холимог багийн харвааны төрөлд “Хангарьд” спорт хорооны харваач М.Гэгээн, Э.Батбилэг нар түрүүлж алт, “Алдар” спорт хорооны тамирчин О.Халиунсайхан, М.Энхбаяр нар мөнгө, “Добу мэргэн” клубийн харваач М.Цэлмэг, А.Амарбаясгалан нар хүрэл медаль хүртэв.
Өсвөр үеийнхний холимог багийн харваанд “Хангарьд”-ын П.Энхжин, Г.Оюунгэрэл нар тэргүүлсэн бол Дархан-Уул аймгийн харваач Т.Оргилмаа, Б.Өсөхбаяр нар аман хүзүүдэж, “Ирээдүйн одод” клубийн Т.Дамдинбазар, Н.Минжинсор нар гуравдугаар байрт шалгарсан юм. Монгол Улсын мэргэн Д.Оюунхандын удирлагад бэлтгэл базаасан “Ирээдүйн одод” клубийнхэн ганзага хоосон буцсангүй. Тэд нэг мөнгө, гурван хүрэл медальтай Орхон аймгаа зорилоо.
Ташрамд дурдахад, өнгөрсөн сарын 28-29-нд зохион байгуулсан байт харвааны насанд хүрэгчдийн УАШТ-д “Хангарьд” спорт хорооны тамирчид багаараа түрүүлж, аварга болсон билээ. Харин “Алдарт” спорт хорооныхон удаалсан. Улаанбаатар хотын аварга шалгаруулах байт харвааны тэмцээн энэ сарын 19-20-нд болно.