Олимпын төрлийн олон улсын спортын холбоод ээлж дараалан санхүүгийн адармаатай байдалд орж эхэллээ. Тэдний цорын ганц найдвар бол Токиогийн зуны олимпын наадам.
Олон улсын сэлүүрт завины холбооноос саяхан гаргасан санхүүгийн тайлангаас үзвэл, 2019 онд тэд 320 мянга гаруй еврогийн алдагдал хүлээжээ. Тус холбоо тэмцээн зохион байгуулах боломжгүй болсноос гадна Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ноос хангалттай тусламж авч чадаагүй байна. Зөвхөн тус холбоо төдийгүй хамгийн том, нэр хүндтэй олон улсын холбоод ч амаргүй байдалд оржээ. Тухайлбал, Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны алдагдал хэдэн арван сая доллароор хэмжигдэж байгаа гэнэ. Хэрэв коронавирусийн улмаас 2021 онд зуны олимпын наадам зохион байгуулах боломжгүйд хүрвэл олон улсын холбоод дампуурлын ирмэгт гарцаагүй тулж ирнэ.
Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч С.Коэ саяхан ОУОХ-ны гишүүн болсон. Энэ нь санхүүгийн бодитой ашиг авчрахаас илүүтэй имижээ сайжруулах алхам байв. Тус холбооны төсөв зардлаа дийлэхгүйд хүрсэн талаар С.Коэ илэн далангүй ярьжээ.
Тухайлбал: • Цар тахлын улмаас “Даймонд лиг”-ийн гараануудыг цуцалж, үүнээс шалтгаалан телевизийн эрх зарж, орлого олох боломжгүй болсон.
• Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2022 он хүртэл хойшлуулснаар орлого олох боломж хумигдаж, хойшлуулсантай холбоотой зардал гарсан.
• Олимпын жилд ОУОХ-ноос авдаг уламжлалт төлбөрийг аваагүй. Төлбөрийн хэмжээ тодорхойгүй боловч 2016 онд тус холбоо 45 орчим сая долларын тэтгэмж авч байв.
• Цар тахлын улмаас санхүүгийн хүнд байдалд орсон тамирчдад зориулж сан байгуулсан бөгөөд үүнд 500 мянган ам.доллар зарцуулжээ.
Мэдээж хөнгөн атлетик нь маш олон тамирчин хичээллэдэг, дэлхийн хэмжээний спорт учраас өнөө, маргаашгүй үхэх сэхэхийн даваанд ирсэн гэж дүгнэж болохгүй.
Харин Сэлүүрт завины холбоо болон тэдэнтэй ижил байдалд буюу хаагдахдаа хүрч байгаа олон холбоо бий. Тэднийг зөвхөн ОУОХ л аварч чадах юм.
Учир нь олимпын наадмыг зохион байгуулж олсон орлогыг хуваах замаар ОУОХ олон улсын холбоодод тусалдаг. Эдгээр орлогын тун бага хэсгийг ОУОХ өөртөө үлдээдэг. 2016 оны Риогийн олимпын дараа ОУОХ нь олон улсын холбоодод 540 сая ам.доллар олгож байсан түүхтэй. Мөн үүнтэй ижил хэмжээний мөнгийг үндэсний олимпын хороодод хуваарилж байв.
Маш олон (дийлэнх нь биш юм гэхэд) холбоо, Үндэсний олимпын хорооны хувьд оршин байх гол зүйл нь мөнгө. Гэтэл одоо ОУОХ-ноос өгөх төлбөр багадаа нэг жилээр хойшилсон төдийгүй 2021 онд олимпын наадам болно гэсэн баталгаа алга. Хамгийн гол нь “Токио-2021” явагдсан ч олон улсын холбоо, үндэсний хороодод өгөх мөнгөн тэтгэмжийн хэмжээ ихээхэн буурах магадлалтай. Учир нь олимп хойшилсны улмаас ОУОХ ч их хэмжээний алдагдал хүлээсэн бөгөөд үүнийг ямар нэг байдлаар бууруулах, нөхөх ёстой юм.
Энэ зуурт 2021 оны долдугаар сарын 23-нд эхлэх Токиогийн олимпын наадмын цуурай аажим аажмаар дөхсөөр. Наймдугаар сарын эхээр Токио хотод коронавирусийн халдвар авсан хүний тоо 400 гарч байв. Харин өдгөө энэ тоо бараг хоёр дахин буураад байна. Гэсэн ч Японд шинээр халдвар авч буй хүний тоо тэг болж буурах боломж хараахан алга.
Токио хотын захирагч Юрико Коикэ “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа олимпын наадмын бэлтгэл хуваарийн дагуу явж байгааг дурдсан. Энэ сард гэхэд л олимпын бамбар Токио хотын музейд ирэх ёстой. Гэхдээ тус улсаар олимпын бамбарыг буухиалах, эсэх нь тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн 2020 оны эцсээр ОУОХ, Японы Засгийн газар, Токио хотын захиргааны төлөөлөгчдийн гурван талт уулзалт болно. Энэ үеэр 2021 оны зун олимпын наадмыг зохион байгуулах нь аюулгүй, эсэх талаар шийдвэр гаргах хүлээлттэй байна.
Бэлтгэсэн: Н.Энх