Дугуйн спортын шилдэг тамирчдын дунд лигийн сорилт тэмцээнийг Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгч, “Монрууд” клубийн тэргүүн ОУХМ Г.Анхбаярын санаачилгаар ганцаарчилсан, багийн, бөөн гараатай уралдааныг энэ сарын 21-23-нд анх удаа зохион байгууллаа. Тэмцээнд 27 тамирчин гурван баг болж өрсөлдсөн. Ганцаарчилсан 25 км-ийн уралдаан Төв аймгийн Алтанбулаг сумд болоход “Аlti¬us” багийн тамирчин, Азийн аварга Б.Марал-Эрдэнэ тэргүүлж, “Fortius” багийн дугуйчин ОУХМ Э.Болор-Эрдэнэ удаалан, дэлхийн аварга Б.Тэгшбаяр III байрт шалгарав. Шинэ нисэхийн хурдны замд зохион байгуулсан багийн 50 км-ийн уралдаанд ОУХМ Т.Төгөлдөр дасгалжуулагчтай “Citius” багийн тамирчид түрүүлжээ. Тэгвэл бөөн гараатай 105 км-ийнх Налайх, Хоолтын даваа, Төв аймгийн Зуунмод сумын чиглэлд өрнөхөд Азийн аварга Б.Марал-Эрдэнэ аваргалж, ОУХМ Э.Болор-Эрдэнэ, Э.Билгүүнжаргал нар удааллаа.