Олимпын хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертений зохиосон таван цагаригийн эх зургийг Францын Канн хотод энэ сарын 26-нд дуудлагаар худалдах болжээ. Түүний зурсан таван цагариг, мөн хувийн гарын үсэг бүхий хуудас хожим олимпын бэлгэ тэмдэг болсон түүхтэй. Дуудлага худалдааны анхны үнэ 100 000 евро байх гэнэ. Пьер де Кубертен зургийг 1913 оны наймдугаар сард “Олимпын тойм” нэртэй хэвлэлд дэлгэж, таван өнгийн цагаригийг харандаа, гуашаар 21х27.5 см хэмжээтэй цаасан дээр зуржээ. Сонирхуулахад, түүний зохиосон олимпын тунхгийн гар бичмэлийг өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард дуудлагаар худалдсан бөгөөд анхны үнэ нь 500 мянга, худалдсан нь 8.8 сая ам.долларт хүрчээ. Худалдан авагчийн нэрийг олонд зарлаагүй аж.