Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны түрүү харваачид тодорлоо.
Өнөө жил 396 эрэгтэй харваач онч сорьсноос Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, Монгол Улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан 40 сумаас 38 онон түрүүлэв. 2016 оны түрүү харваач тэрбээр ийнхүү улсын даян мэргэн цол хүртэв.
Хоёрдугаар байрт спортын мастер аймгийн мэргэн Д.Баттулга шалгарч, Монгол Улсын гарамгай мэргэн цолны болзол хангав. Гуравдугаар байрт аймгийн мэргэн, спортын мастер П.Явуухулан Гоц мэргэний боллоо.
Харин эмэгтэй харваачдаас:
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул аймгийн мэргэн, спортын мастер Л.Одсайхан 34 оноо харваж Монгол Улсын мэргэн,
- Хоёрдугаарт Монгол Улсын Даян мэргэн, Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Д.Эрдэнэтуяа 34 оноо,
- Гуравдугаарт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа шалгарлаа.