Монголдоо попера урсгалаар анх дуулсан хамтлаг бол “Нюанс”. Тэд энэ төрлөөр хөгжмийн ертөнцөд хэдийн өөрсдийн байр сууриа олж, олон чанартай уран бүтээл туурвисан. Хамтлагийн залуус үзэгчдэд төдийгүй гадаадад зохион байгуулсан олон улсын фестиваль арга хэмжээнд амжилттай оролцож, эх орныхоо сонгодог урлаг, тэр дундаа попера урсгалыг сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулсаар яваа. “Нюанс” хамтлаг урын сан, уран бүтээлдээ дэлхийн сонгодог бүтээлүүд болон дэлхийн алдартай поп болон попера дуунуудыг франц, итали, испани, орос, англи, хятад, герман хэлээр дуулдгаараа бусад хамтлаг, дуучнаас өөрийн гэсэн онцлог, өнгө аясаараа ялгардаг. Тус хамтлагийн ахлагч М.Амарсанааг “Зөвхөн спортын тухай” буланд онцоллоо.
-Каратэ нь спортын тэр дундаа дорно дахины тулааны урлагийн бие даасан төрөл. Таныг хүүхэд байхдаа хичээллэдэг байсан гэж сонссон.
-Тийм ээ, хүүхэд байхдаа каратэ сонирхож, секц, дугуйланд явж хичээллэдэг байлаа. Биднийг сурагч байх үед тулааны урлагийн тухай харуулсан кино, их гардаг байв. Номын дэлгүүрт бие хамгаалах урлагийн тухай өгүүлсэн ном харагдвал мөнгө хайрлахгүй авчихна. Тулааны спортын тухай ном унших тусам хичээллэх хүсэл улам төрдөг байж. Хашаандаа турник зоож байгаад л өдөр болгон дасгал сургуулилалт хийнэ шүү дээ. Каратэ хүнийг зөв төлөвшүүлж, хатуужил, тэвчээрт сургадаг.
-Хамтлагийнхаа дуучдаас та хамгийн спортлог нь. Каратэгээс гадна сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис тоглодог юм билээ.
-Зөвхөн би гэлтгүй хүн болгон сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис тоглож сурсан байх. Сурагч байхад ангийн багш спортын энэ төрлүүдээр биднийг хичээллэхийг дэмждэг байв. Aнгийнхаа нөхөдтэй сургуулийнхаа зохион байгуулсан урлаг, спортын тэмцээнд идэвхтэй оролцдог байлаа. Чөлөөт цаг гарвал найз нөхөдтэйгөө зааланд хөлсөө гартал сагсан бөмбөг тоглодог. Сүүлийн үед тухтай тоглох боломж гарахгүй л байна. Спортын энэ төрлүүдээр урлагийнхны дунд болдог тэмцээнд хамтлагаа төлөөлж оролцдог.
Хүүхэд байхдаа ДСП хавтангаар теннисний ширээ засаад бөмбөг цохино. Фермийн хүүхдүүд дунд теннис сайн тоглодог нь байлаа. Тэд надад хожигдохыг хүсэхгүй. Хожихын тулд хичээж тоглосоор байгаад теннис тоглож сурсан. Манай “Нюанс” хамтлагаас М.Боргилчулуун байт сураар сонирхож хичээллэдэг. Байт сурын дэд мастер цолтой.
-Эрчүүд хөлбөмбөг, бокс, тулаан, бөхийн спортод дуртай байдаг. Чөлөөт цагаараа зурагтаар гарч байгаа тэмцээнийг үздэг үү?
-Хөлбөмбөгийн ДАШТ үздэг. Баг гэхээс илүүтэй Л.Месси, К.Роналдугийн тоглолт, хожлын гоолуудыг харах дуртай. Товчхон хэлбэл, би тэдний үнэнч хөгжөөн дэмжигч нь.
-Таны сонирхдог спортын төрлүүдээс хүүхдүүдээс тань хичээллэдэг үү?
-Бага охин минь бүжгийн спортоор хичээллэдэг. “Moondance” бүжгийн клубийн бүжигчин. Хэдэн тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн. Охин минь сайн бүжигчин болох гэж хичээж байгаа. Багш нар нь ч тал бүрээс нь дэмждэг шүү.
-Хотол олноороо наадан цэнгэдэг улсын наадам хаяанд ирлээ. Та эрийн гурван наадмын алинд илүү дуртай вэ?
-Монгол хүн бүрийн хүсэн хүлээдэг баяр улсын наадам шүү дээ. Манай Дорнод нутаг үндэсний сурын алдартай мэргэн харваачидтай. Монгол Улсын мэргэн Б.Баярчимэг авга ахын минь ач охин. Тэрбээр Буриад, Халх сурын харваагаар хичээллэдэг. Наадамд түрүүлж улсын мэргэн цол хүртэж байлаа.