Дэлхийн шатрын холбооноос 65-аас дээш насны шатрын ахмад зүтгэлтнүүдийг дэмжих 20 мянган еврогийн төсөвтэй хөтөлбөр зарласан.
Манай улсын шатрын холбооноос тус тэтгэлэг, хөтөлбөрт Монгол Улсыг төлөөлүүлэн 10 ахмад шатарчин, дасгалжуулагч нарын материалыг "бодлого зохиомж" төрөлд нэр дэвшүүлэн илгээснээр шатрын спортын анхны Гавьяат тамирчин, Олон улсын мастер Лхамсүрэнгийн Мягмарсүрэн шилдэг тамирчнаар шалгарч Дэлхийн шатрын холбооноос зарлаж буй тэтгэлэг авахаар болжээ.
Дэлхийн шатрын холбоо 2019 онд уг хөтөлбөрийн төсвийн хэмжээг 20 мянган евро болгон тогтоож, Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын төсвийг 30 мянган еврогоор өсгөх төлөвлөгөөтэй байсан ч “COVID-19” вирустэй холбоотойгоор дэлхий дахинд тохиолдоод буй тодорхойгүй байдалд Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн цуцлагдах эсвэл хойшлох эсэх нь тодорхойгүй байгаа.
Иймд Дэлхийн шатрын холбооны консулаас шатрын спортод бүхий л насаа зориулсан шатрын ахмад зүтгэлтнүүдэд зориулах тэтгэлэгт хөтөлбөрийн төсвийг 35 мянган евро болгож, дөрвөн тивийн 16 орны 17 ахмад шатарчин, дасгалжуулагч, шүүгч, шатрыг хөгжүүлэгч нарт өгөхөөр шийдвэрлэсэн. Мөн Дэлхийн шатрын холбооноос гаргасан нийтлэлд дээрх тэтгэлгийг хүртэж буй зүтгэлтнүүд зөвхөн санхүүгийн дэмжлэг аваад зогсохгүй шатрын спортод зориулсан сэтгэл зүрх, оруулсан хувь нэмэр, гайхамшигтай амжилт нь “шатрын их гэр бүл”-д дуу нэгтэйгээр албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх эрхтэй хэмээн дурджээ