Норвегийн биатлонч. 1993 оны тавдугаар сарын 16-нд Норвегийн Стрюн хотод төрсөн. Осло хотод амьдардаг. “Markane IL” багт харьяалагддаг. Өндөр 187 см, жин 80 кг.
2018 оны Пёнчаны олимпын наадмын, дэлхийн долоон удаагийн (2015-2019) аварга, 2018-2019 оны “Дэлхийн цом”-д нийлбэр дүнгээр тэргүүлсэн.
Биатлоны “Дэлхийн цом”-д нийт 59 ялалт байгуулсан амжилтаар тус тэмцээний түүхэнд эхний тавд багтдаг. 2009 оноос эхлэн биатлоны спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд залуучуудын ДАШТ-д гурван удаа түрүүлсэн. Улмаар 2012 онд насанд хүрэгчдийн шигшээ багт дуудагдсан хамгийн залуу биатлонч болжээ.
2013 оны арванхоёрдугаар сарын 14-нд “Дэлхийн цом”-ын гараанд (спринт) анх удаа түрүүлж, маргааш нь цуваа гараанд тэргүүлсэн. 2018-2019 оны улиралд Й.Бе “Дэлхийн цом”-ын ганцаарчилсан уралдаанд 16 удаа тэргүүлж, М.Фуркадын тогтоосон дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн. Энэ улирлын биатлоны “Дэлхийн цом”-ыг илт давуу тэргүүлж буй.
Ах Тарьей нь мөн биатлоноор хичээллэдэг, олимпын аварга. Й.Бе 2018 онд Хедде Делитэй гэрлэсэн. Хоч нь “улбар шар үст доминатор”.
Бэлтгэсэн: Н.Баяр