Уулнаас буух спортод анх ердийн цана ашигладаг байжээ. Цанын загвар, хийц жилээс жилд сайжирч, өсгий нь хөдөлгөөнгүй бэхлэгддэг зориулалтын тусгай гуталтай болсон байна. Цанын улыг хуванцраар бүрсэн нь модон цанатай харьцуулшгүй хурдтай гулгах боломж бүрдүүлэв. Орчин үед уулын цана нь шинжлэх ухаан, техникийн бүхий л ололтыг ашигласан өндөр технологийн бүтээгдэхүүн болжээ.
Цана хүйтэн бүсийн, цас ордог орнуудад олон жилийн турш ахуй амьдралынх нь салшгүй хэрэглээ байсаар ирсэн. Тэр дундаа Орос болон Скандинавын хойгийн орнуудад модоор хийсэн олон янзын хэлбэртэй цанын олдвор хадгалагдан үлдсэн байдаг. Харин цанын спортын уулнаас буух төрөл (Alpine skiing) XVIII зуунд Норвегийн армийн цэргүүдийн дунд уралдааны хэлбэрт шилжсэнээр орчин цагийн спортын төрөл болон хөгжих суурь нь тавигдсан байна. Уулын цанын анхны тэмцээнийг 1840 онд Норвегийн нийслэл Осло хотод зохиожээ. Анхны олимпын аваргаар эрэгтэйчүүдийн төрөлд Германы тамирчин Франц Пфнюр, эмэгтэйчүүдийн төрөлд Кристль Кранц нар тодорсон аж.
Орчин үед цанаар гулгах нь стресстэй тэмцэх хамгийн шилдэг арга болжээ. Энэ спортоор хичээллэсэн тамирчин гайхалтай эрч хүч авдаг. Цанаар нэг цаг гулгахад 700-1200 калори шатаана. Гүйлтийн зам дээр гүйснээс илүү энерги зарцуулдаг гэсэн үг. Цанаар гулгах нь оюуны ядаргаа тайлахад тустай.
Бэлтгэсэн: Г.Цэцэг