Монголын баг тамирчид олимпын наадамд оролцсоны 55 жилийн ойн хүрээнд Спортын төв сургуулийн удирдлага, хамт олон уламжлал ёсоор олимпод оролцсон тамирчдаа хүлээн авч уулзав. Олимпын наадамд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж, дэлхийд таниулсан 1964, 1968 оны өвөл, зуны олимпод оролцсон ахмад тамирчдад өсвөрийн тамирчин сурагчид хүндэтгэл үзүүлсэн юм. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх, Гавьяат тамирчин Л.Цэнд, Зундуй, ОУХМ Р.Алданыш, Д.Норолхоо, Я.Баатар, Гавьяат тамирчин, Ардын багш, улсын харцага Д.Сэрээтэр нар өсвөрийн тамирчидтай уулзах үеэрээ халуун дотно яриа өрнүүлж, хойч ирээдүй болсон залууст амжилт, дурсамж, дурдатгал, бэлтгэл сургуулилалт хэрхэн базаан оролцож байсан тухайгаа хуваалцсан. “Мехико-1968” зуны олимпын XIX наадмаас Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат мөнгө, Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Артаг нар хүрэл медаль хүртэн, Төрийн далбаагаа мандуулснаар манай баг тамирчдын олимпын медалийн буухиа эхэлсэн түүхтэй. Ахмад тамирчдын сэтгэгдлээс толилуулъя.
1964 оны өвлийн олимпын наадамд цанын төрлөөр оролцсон, Гавьяат тамирчин
Б.ЗУНДУЙ: НАМАЙГ “XX ЗУУНЫ МАНЛАЙ УНААЧ ХҮҮХЭД”-ЭЭР ТОДРУУЛСАН
“Олимпод оролцсон ахмад тамирчид энэ арга хэмжээнд хүрэлцэн ирж, дурсамж дэлгэн, сайхан яриа өрнүүлдэг. Би өдгөө 83 настай, спортоор 64 жил хичээллэсэн. Хурдан морины уралдаанаас спортын гараагаа эхэлж байв. 1947 онд Ардын Хувьсгалын 25 жилийн ойн баяр наадамд 1000 гаруй хүлэг шандас сориход би унасан морио аман хүзүүдүүлсэн. Өнгөрсөн зургадугаар сарын 1-нд хүүхдийн баяраар намайг “XX зууны манлай унаач хүүхэд”-ээр тодрууллаа. Морин спортоор хичээллэсэн минь спортын төрлүүдээр цаашид хичээллэхэд дөхөм болсон. Миний хувьд дугуй, цанын спортоор
хичээллэж, 26 жил УАШТ-д түрүүлсэн. Долдугаар ангийн сурагч байхдаа анх УАШТ-д түрүүлж, 1957 онд есдүгээр ангийн сурагч байхдаа дэлхийн оюутан залуучуудын VI фестивальд дугуйгаар уралдаж билээ. Гавьяат дасгалжуулагч, дугуй, тэшүүрийн спортын тамирчин Ц.Даржаа миний багш, өдгөө 87 настай, Төв аймагт амьдарч буй. Би зарим нэг зүйлд сэтгэл дундуур явдаг. Улсын их баяр наадмыг Цэнгэлдэх хүрээлэнд үзэж чадахгүй өдий хүрлээ. Ахмад тамирчдад урилга өгдөггүй болохоор талбайг хэд тойроод л харьдаг. Харин өнгөрсөн зун Баяр наадмын хурдан морины комисстой цуг явж, уралдаан үзлээ. Спортын байгууллагууд ахмад тамирчдаа урьж, улсын их баяраар цэнгэлдэх хүрээлэнд наадамчин олонтой хамт цэнгүүлчихдэг байгаасай” .
1964 оны олимпын наадамд хөнгөн атлетикийн төрлөөр оролцсон, ОУХМ
Р.АЛДАНЫШ: ЯПОНЧУУД “ЧИНГИС, ЧИНГИС” ГЭЖ ХАШХИРААД БИДНИЙГ УГТСАН
“1961 онд хөнгөн атлетикийн анхдугаар спартакиадад 200, 400 метрийн зайд гүйж, алтан медаль хүртэн спортын гараагаа эхэлсэн. Би 38 алтан медальтай. Мөнгө, хүрэл медаль авч үзээгүй. 400 метрт 58.8, 200 мерт 18.7, 800 метрийн зайд гүйсэн амжилт минь одоо ч эвдэгдээгүй. 1964 онд Токиогийн олимпод хөнгөн атлетикаар анх оролцсон. Тэр үед 17 настай, тамирчдаас хамгийн залуу нь би байв. Анхны олимп сэтгэлд олон таатай дурсамж үлдээжээ. Биднийг Цэнгэлдэх хүрээлэнд ороход япончууд “Чингис, Тэмүүжин, Хубилай” гэж хашхираад л угтаж байлаа.
1968 оны олимпын наадмын анхны хүрэл медалийн эзэн, Ардын багш, Гавьяат тамирчин
Ч.ДАМДИНШАРАВ: ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИД МЕДАЛИЙН БУУХИАГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭДЭГТ ИТГЭДЭГ
“Одоогоос 55 жилийн өмнө Монголын тамирчид өвөл, зуны олимпын наадамд анх оролцсон түүхтэй. Өнөөдөр тэднээс 16 тамирчин үлджээ. Олимпод оролцсон тамирчдаас хамгийн залуу нь өдгөө 73 настай. Аливаа түүх утга учиртай байдаг. Спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулдагт бид баярладаг. Өнөөгийн залуус олимпод оролцсон ахмад тамирчдаа танихаа больжээ. “Таван цагариг” спортынхны уншдаг сонин. Спортын сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун гуай бидний амжилтыг үе үеийн спорт сонирхогчдын сонорт хүргэсээр ирснийг онцлон дурдах нь зүйтэй. Би чөлөөт бөхөөр зургаан олимпод оролцсон. Эхний гуравт нь тамирчнаар, дараагийнхад нь чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар оролцож байв. Олимпын чөлөөт бөхийн дэвжээнээс медалийн салхи хагалж, эх орондоо анхны хүрэл медалийг авчирсан. Манай залуу тамирчид ахмад үеийнхнийхээ туршлагаас суралцах хэрэгтэй. “Токио 2020” олимпын наадмаас Монголын чөлөөт бөхийн тамирчид ахмад тамирчдынхаа амжилтын буухиаг үргэлжлүүлэн медаль хүртэнэ гэдэгт итгэдэг.
1968 оны олимпын наадамд гимнастикийн төрлөөр оролцсон, ОУХМ
Д.НОРОЛХОО: МЕХИКОГИЙН ТЭНГЭРТ ТӨРИЙН ДАЛБААГАА МАНДУУЛАХАД БАЯРЛААД УЙЛСАН
-Би гимнастикаар 1961 оноос эхэлж хичээллэсэн. Гимнастикийн тамирчдыг дасгалжуулагч, ОУХМ Д.Норов багш бэлтгэл хийлгэдэг байлаа. Багш минь Монголын гимнастикийн анхны шигшээ багийг байгуулсан. Би багшийнхаа гимнастикийн спортод хувь нэмрээ харамгүй оруулсан ач тус, гавьяагаар нь бахардаг. 1968 оны Мехикогийн олимпын наадамд Монголын тамирчид чөлөөт бөх, буудлага, гимнастик, хөнгөн атлетикийн төрлөөр оролцсон юм. Эх орноо төлөөлж оролцсон тамирчдын багт эмэгтэй таван тамирчин явсан. Монголын алдартай дасгалжуулагч, тамирчидтай олимпын наадамд оролцсоноо азтайд боддог. Олимпод хөгжилтэй, хэцүү зүйл ч тохиолдоно. Тэр бүгдийг бид нэг сэтгэлээр даван туулсан. Тэр үед би олимпод оролцоно гэдгээ ч сайн мэдэхгүй өмнө оролцдог байсан олон улсын тэмцээн шиг л төсөөлж байлаа. Тэгтэл онгоцноос буунгуут мехсик үндэсний хувцастай бүжигчид дуу хөгжим эгшиглүүлж биднийг угтаж авсан. Улсынх нь хөгжлийг хараад сүрдэж, үлгэрийн ертөнцөд ирсэн мэт сэтгэгдэл төрж билээ. Бид Монголынхоо бөхчүүдийг дэвжээнд барилдахыг дэргэдээс нь үзсэн. Цэнгэлдэх хүрээлэнд хүмүүс “Мехико, Мехико” гэж хашхирч тамирчдаа хөгжөөн дэмжихэд бид ч бас Монголиа, Монголиа гээд л тамирчдаа дэмжиж суусан даа. Монголын тамирчдын тэмцээний салхийг хагалж анхны медалийг Ч.Дамдиншарав, дараа нь Ж.Мөнхбат аварга мөнгө, улсын начин Т.Артаг, улсын харцага Д.Сэрээтэр нар хүрэл медаль хүртэн, Монголын Төрийн далбаа Мехикогийн тэнгэрт дөрвөн удаа мандуулахад сэтгэл огшиж, баярын нулимс унагаж билээ.