Монголчуудын дунд өөрийн онцлог шинжийг агуулсан утга бэлгэдлийн бүрдэлтэй соёл олон байдгийн нэг нь уламжлалт тоглоом наадгай юм. Мөсөн шагайг монгол эрчүүд эртнээс тоглож ирсэн. Тэмүжин, Жамуха хоёр мөсөн шагай наадсан тухай “Монголын нууц товчоо”-нд өгүүлдэг бол Халхын Зая бандид Лувсанпэрэнлэй шавь нартаа эрүүл мэндэд тустай хэмээн тоглуулдаг байжээ. Тиймээс Архангай нутагт өргөн дэлгэрч, олон мэргэн харваач төрсөн. Мөсөн шагайгаар наадах нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, хараа хурц, нарийн мэдрэмжтэй болгодог ач холбогдолтой. Хүмүүсийн мэдэх боулинг, кёрлинг зэрэг спорт тоглоомын эх үндэс нь мөсөн шагай байж болох талтай. Эдгээр тоглоомын арга барил нь мөсөн шагайн наадаанд тод харагддаг.
Мөсөн шагай нь оноот тоглоом. 1-5 гэсэн оноо өгч тоглоно, хамгийн их оноо авсан нь хождог. Тоглогчид баг болж, цуваа харваа, талын харваа гэсэн хоёр төрөлд өрсөлдөн, аваргаа шалгаруулдаг. Мөсний шагайг тоглохдоо тоглогчид баг болж, тэгш гадаргатай мөсөн замд 100 метр орчим газраас сум тавин онож өрсөлдөнө. Бог малын 4-8 шагайн голд ганц аргайг бай болгон өрнө. Захын шагайн дундуур сум гарвал нэг, харин төв рүү ойртох тусам оноо өндөр авна. Голын аргайг оновол таван оноо өгдөг байна. ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад 2014 онд бүртгэсэн шагайн харваа нь нүүдэлчдийн амьдрал ахуйд тулгуурласан монгол ардын наадгайнаас үндэсний спорт болтлоо хөгжсөн юм. Эртний түүхээс улбаатай уламжлалт шагайн харвааг сэргээх, харваачдын залгамжийг бэлтгэн, олон нийтэд сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор мөсний шагайн харвааны УАШТ-ийг жил бүрийн хоёрдугаар сард зохион байгуулдаг.
Бэлтгэсэн: Г.Бат