Арын эгнээний зүүн гар талаас хоёр дахь нь Ш.Батцэрэн
- Хоккейн спортын хөгжилд дарханыхан жин дардаг –
“Канад” хэмээн нэрлэдэг, үл мэдэг дугуйрсан иртэй тэшүүрийг эсгий гуталдаа олс, сураар хүлсэн бид тайрч богиносгосон гэрийн унинд хавтгай фаниар хадаж хийсэн цохиур барин гудамжныхаа дагтаршиж хатуурсан цасан дээр хоккей тоглодог байлаа. Бидний дунд ирээдүйн мастерууд, хоккейн зүтгэлтэн, дасгалжуулагч, шигшээ багийн тамирчид байсныг тухайн үед яахан мэдэх билээ. Тэдний нэг хоккейн спортын ахмад тамирчин, спортын мастер Ш.Батцэрэнтэй ярилцлаа.
-Дарханы Майхан толгойн гудамжуудыг бидний үеийнхэн өвөлдөө хоккейн, зундаа сагсан бөмбөгийн талбай, оройдоо банзан гитар нүдэж, тайз болгодог байж. Бидний дундаас танаас эхлээд олон хоккейчин, тамирчин төржээ. Гудамжны хоккейчноос улсын шигшээ багийн тамирчин, спортын мастер хүртэл хэдэн жил тоглов?
-Бараг дөчин жил тоглосон юм байна. Чамайг асуухаар чинь л тооллоо, хөлдөө хэдэн жил тэшүүр уяж, мод барьснаа ер тоолж байгаагүй юм байна шүү.
-Дарханыхан, тэр тусмаа манай Майхан толгой хавийнхан гудамжинд хоккей тоглоно гэж үзүүлж өгдөг байсан даа.
-Тэгэлгүй яах вэ, ганц манай гудамжныхан бус бидний үеийн дарханыхан тэр чигтээ хоккей тоглодог байв. Тийм нэртэй байсан юм байлгүй “какс”, “канад” гэдэг тэшүүрийг эсгий гуталдаа сураар бэхэлж, эвхдэг орны хөнгөн цагаан хоолой дундуур мод шааж, үзүүр хэсгийг нь давтаж, тахийлган цохиур хийн, молоконы лааз дэвсэж, шайб болгоод хоккей тоглож эхэлсэн. Хүүхэд байхад ядарна гэх биш, зав л гарвал тэшүүрээ бэхэлж аваад гудамжиндаа гарна. Мөн их тоглодог байж. Жаахан том болоод каток (мөсөн гулгуурын талбай)-т тоглодог болсон, чи мэднэ дээ.
-Тийм тийм, Дарханд каток ч олон байж.
-Оросуудын амьдардаг байр болгоны гадна янз бүрийн хэмжээтэй каток байдаг байлаа. Орос хүүхдүүд зориулалтын гутал дээр хадсан, гоё гоё тэшүүртэй. Мань хэд нь тоохгүй ээ, эсгий гутал дээрээ уясан тэшүүрээрээ гулгаж өгнө шүү дээ. Араараа, сүлжиж гулгаад, амьхандаа орос хүүхдүүдэд гайхуулах маягтай. Багахан хот гэхэд мөсөн гулгуурын гурван ч том талбайтай. Тэнд долоо хоног бүр тэмцээн болдог байлаа.
Арын эгнээний баруун гар талаас гурав дахь нь Ш.Батцэрэн
-Тоглолт үзэхээс гадна цохиурын гоё иштэй болох гэж оройжин хүлээдэг байсан даа.
-Хоккейн хэрэгсэл ховор байсан. Тэшүүр, цохиур, шайб нүдний гэм. Дэлгүүрт хааяа “Малыш” гэдэг бичигтэй зузаан фаниаран цохиур ирнэ. Хүүхдийн цохиур л даа. Бага байхад түүгээр тоглоод болоод байсан. Сүүлдээ багадаад барихаа больсон. Хоккейн тэмцээний үеэр цохиур нь хугарчихаар оросууд гаргаад шидчихнэ. Түүнийг авах гэж зодолдохоос наагуур юм болдог байлаа. Гоё өнгөтэй, янз бүрийн бичигтэй тэр цохиурын ишийг ашиглаж өөрсдөө нааж, зүүж байгаад босгоод авна. Тийм цохиуртай бол бусдадаа гайхуулж, нөгөөхөөрөө тоглоно.” Динамо Рига” гэсэн бичигтэй, улаан эрээн цохиур байдаг байлаа. Мөн ч бөх эд байж билээ. Тийм цохиуртай хүүхэд одоогийнхоор бол машинтай болсонтой адил юм уу даа.
-Оросуудыг тоглоод дууссаны дараа мөсөн дээр гарахад торох юмгүй хачин гоё байдаг сан. Та нартай тоглохоос айдаг, дайрч унагачих гэсэн хэдэн нөхөр байж билээ.
-Оросуудын тэмцээн голдуу 20 цаг өнгөрөөж дуусна. Тэмцээний завсарлагаар мөсийг нь зориулалтын машинаар байнга услах тул сүүлд нь гулгахад урамтай. Тэмцээн дуусуут л монгол хүүхдүүд талбай руу орно. Тэгээд оросууд харж үзээд талбайн гэрлийг цаг хэртэй унтраахгүй. Тэр хооронд амжиж тоглоно. Иймэрхүү маягаар тоглосоор байгаад муугүй гулгадаг, шайбаа оноод цохичихдог болсон. Сүүлдээ дундаасаа хэд хэдэн баг гаргаж байгаад хоорондоо аваргаа шалгаруулж, бусад багтайгаа тэмцээн хийдэг сэн.
-Монголын хоккейн спортыг Дарханаас үүсэлтэй гэдэг бил үү?
-Тэгэлгүй яах вэ. Хоккейг манай дарханыхан л тоглодог байлаа. Яваандаа улсын хэмжээнд сонирхох болсон байх аа. Тэр үед хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээн гэж байдаггүй. “Залуу үе” сэтгүүлийн нэрэмжит тэмцээн жил бүр болдог, тэр нь бараг улсын аварга шалгаруулахтай адил хэмжээний. Энэ тэмцээнд Дарханы баг 10 жил дараалан шалгарсан юм шүү дээ. Шилдэг тоглогчид Дарханд л байлаа.
-Гудамжны хоккейчноос хэзээ тамирчин болов?
-1983 оноос юм байна, хотынхоо шигшээ багийн гишүүн болсон. Энэ үеэс л албан ёсоор тамирчин гэж дуудуулав шүү дээ. Дарханд хагас, бүтэн сайн өдөр алгасалгүй хоккейн тэмцээн болно. Оросууд олон, байгууллага, цэргийн анги болгон хоккейн багтай. Биднийг оросууд хоёр гурваар нь хуваан авч багтаа тоглуулдаг байлаа. Оросын багуудад тоглосноор манайхны ур чадвар илт дээшилсэн юм. Дарханд оросуудын арав гаруй баг байсан. Шкаф шиг том биетэй оросуудад нусаа сугартал мөргүүлсний дараа ч юм бодогдоно шүү дээ. Гэхдээ монгол хүн шантарна гэж байхгүй. Сүүлдээ оросуудтайгаа өгөө аваатай өрсөлддөг болтлоо сайжирсан шүү, манай шигшээгийнхэн.
Оросын сибирь хавийн муж, хотуудын шигшээг Дарханд урьж, олон улсын маягийн тэмцээн зохион байгуулна. Манай хотын шигшээ Улаан-Үд, Читад очиж өрсөлддөг байсан юм шүү. “Залуу үе” сэтгүүлийн нэрэмжит тэмцээн болохоос сарын өмнө Спортын ордондоо байрлаж, бэлтгэл сургуулилалтаа базаана. Тэмцээн ч олон болдог байж. Улсаас бэлтгэл, тэмцээний бүх зардлыг даадаг байлаа. Байр, хоол гээд санаа зовох юм байхгүй.
-Олон баг өрсөлддөг байв уу?
-Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болно. Эндээс шалгарсан дөрвөн баг нь “Залуу үе” сэтгүүлийн нэрэмжит аваргын тэмцээнд өрсөлдөнө. “Хүч”, “Хөдөлмөр”, “Найрамдал”, “Замчин”, багийнхан л голдуу өрсөлддөг. Дархан, Шарын гол, Багануур, Эрдэнэт гээд орон нутгийнхан ирнэ. Зүүнхараагаас хоёр, гурван ч жил өрсөлдсөн байх шүү. Том л тэмцээн болдог байж.
-Манай шигшээ багуудад оросуудыг тоглуулдаг байсан уу?
-Тоглуулна, нэг баг 2-3 орос хоккейчинтай байхыг зөвшөөрдөг байсан. Манай Дарханы шигшээд гэхэд Краснов гэдэг орос цэрэг тоглодог байв. Эрдэнэтийн шигшээ олон орос тамирчинтай ирдэг.
-Дарханы шигшээгийн шилдэг гурвалд хэн хэн багтдаг байв?
-“Смоки” гэгддэг Болдоо, Дамдиндорж, Цэрэнчунтын гурвал Монголд алдартай, гайхалтай гар нийлдэг, сайн тоглодог байсан. “Хар” хэмээх Батсайхан байна, их хурдтай хоккейчин. Айлын тавыг, өөрийн тавтайгаа хуурчихдаг хүн.
-Манай гудамжнаас хэн хэн гээч сайн хоккейчин төрсөн бэ?
-Бий бий. Энд тэнд тоглоод явж байдаг юм. Хоёр Болд, бид гурав Дарханы шигшээ багт тоглож байсан. Хоккейн спортын хэд хэдэн састер төрүүлсэн гудамж Монголд өөр байхгүй л болов уу. Хоккейн эх орон гэж болох ОХУ-д энэ спортын чиглэлээр суралцсан анхны дээд мэргэжлийн дасгалжуулагч манай гудамжнаас төрсөн.
-Сайн хөгжиж байсан хоккей нэг хэсэг яагаад саарав?
-Дарханы спорт хорооны дарга Соргожоо гэж хүн байлаа. Хоккейн төлөө их юм хийсэн дээ. Шигшээ багийнхаа хувцас, хэрэглэлийг Орост захиалан хийлгэдэг. Тэшүүр, цохиур, шайб гээд зарим зүйлийг авчран дэлгүүрээр худалддаг болсон юм даг. Хоккей сонирхдог хүүхэд залууст их хэрэгтэй зүйл нь хувцас, хэрэглэл, бага ч болсон хангаж ирсэн хэрэг. 1990 оноос эхлээд санхүүжилтгүй болж, хоккейн хөгжил уруудсан. Шигшээ баг тарж, олон тамирчин амьдралаа бодож, худалдаа наймаа хийхээр өөр өөрийн замыг сонгосон. Хоккейн төлөө гэсэн сэтгэлтэй цөөн хэдэн хүн үлдэж, өөрсдийнхөө зардлаар тэмцээн зохион байгуулж ирсэн. Бид залуу үеэ олигтой бэлдсэнгүй. Харин сүүлийн үед УИХ-ын гишүүн Жавхлан Дарханы хоккейг овоо дэмжиж байгаа. Өөрөө тоглодог байсан юм. Ану, Золбоот гэдэг хоёр залуу хүүхдүүд бэлддэг гэсэн. Шарын голынхон хүүхдүүдээ овоо бэлдэж эхэлсэн гэж дуулдсан. Дарханы хоккей бид нараар дууслаа гэж боддог байсан чинь сүүлийн үед буцаад сэргэж эхэлсэн.
-Дарханых гэлтгүй Монголын хоккей сэргэж байгаа юм биш үү?
-Тийм шүү, сэргэж байгаа. Азийн “Челленж кап”-д хоёр түрүүлж, хоёрдугаар байрт хоёр, гуравдугаар байрт нэг удаа шалгарсан. Бэлтгэл, тэмцээн уралдааны идэвхтэй үе нь хоёрхон сар байдаг гэхэд сайн хөгжиж байна гэж хардаг. Манай холбооны удирдлага сайн ажиллаж байна.
-Хоккей өндөр хөгжсөн, Европ, Америкийн бие томтой, хурдтай хоккейчидтой манайхан тоглоод амжилт гаргана гэхэд хэцүү санагдаад байна л даа.
-Сүүлийн үеийн хүүхэд, залуус биеэрхүү болсон. Тэднээс бие хаагаар нэг их дутахгүй. Ана мана л үзэлцдэг. Дээрээс нь монгол хүний цусанд байдаг дайчин чанар байна. Тэр том биетэй, хурдтай тамирчидтай чинь мөргөлдөөд мөргөлдөөд л явчих юм байна шүү дээ. Одоогийн хоккейн дүрмээр илт зодолдох, энэ тэрийг хорьсон. Жаахан сонирхолгүй талдаа болсон. Бидний үед бүтэн шүдтэй хоккейчин цөөн байж билээ.
-Удахгүй битүү дээвэртэй “Мөсөн өргөө”-тэй болно. Тэр үед жилийн турш бэлтгэл, тэмцээн хийх боломжтой болно биз дээ.
-Манай хоккейчид энэ өргөөг л хүлээж байна. Монголын хоккейн түүхэнд алтаар бичигдэх үйл явдал болж байна. Ийм өргөө байгуулах санаачилга гаргасан, хөрөнгө оруулж байгаа хүмүүст талархаад барамгүй. Битүү дээвэртэй мөсөн гулгуурын талбайдаа жилийн турш бэлтгэл хийж, тэмцээн зохион байгуулахаар хоккейчдын маань ур чадвар дээшилж, Монголын хоккейн хөгжил шинэ түвшинд хүрнэ, харж л байгаарай. Жилд хоёрхон сар бэлтгэл хийдэг хоккейчид маань ямархуу амжилт гаргаж байгаа билээ.
-Дарханы шигшээд сайн хоккейчин олон байсан биз дээ?
-Байлгүй яах вэ. Батсуурийн Сүрэнжав агсан байна, Хоккейчид Монголын Харламов гэж нэрлэдэг юм. Харламовтой адил 17 дугаарын өмсгөлтэй тоглодог байсан юм. Вачинжав, Данигай буюу Дамдиндоржийг нэрлэхгүй байхын аргагүй. Маш хурдтай тэшдэг, өндөр үсэрдэг тамирчин байлаа. Бөхийгөөд зогсож буй хүн дээгүүр тэшүүртэйгээ харайдаг, их авьяаслаг хоккейчин. Монголын нэг номерийн хамгаалагч гэгддэг Коля ах маань байна. Хаалт тавих нь аймаар, тамирчид Коля ахын хажуугаар өнгөрч зүрхэлдэггүй. Тулсан хүний хөл нь гойзоогоод үсрээд өгнө шүү дээ. Тиймээс барагтай бол ойртохгүй.
-Хамгийн сүүлд хэзээ мөсөн дээр гарав?
-Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг хүлээх юм даа. Энэ тэмцээнийг дөхөөд ирэхээр бэлтгэл хийх гэж мөсөн дээрээ гардаг. Тэмцээндээ заавал оролцдог, зав гарвал биеэ халаах зорилгоор жаахан гулгадаг л юм. Ирэх сард ахмадын цомын аварга шалгаруулах тэмцээнтэй. Сайхан тоглох юм сан гээд хүлээж сууна.