Агаарын спортоос шүхрээр буух нь тэсвэр, тэвчээр, эр зориг шалгасан эрсдэлтэй спортын ангилалд багтдаг. Дэлхийд анх шүхрийн спорт үүссэн түүх тун сонирхолтой. XVIII зуунд хүн өндрөөс аюулгүйгээр буух хэрэгсэл чухал болж эрдэмтдийн оюун санааг эзэмдэх болсон байна. 1785 онд Францын Ж.Бланшар хатуу хагас сараалжтай шүхэр хийж, дүүжин маягаар холбон үзүүлэх тоглолтоороо эсэн мэнд бууж болохыг дэлхийд анх удаа харуулжээ. Үүнээс хойш шүхрийг аврах хэрэгсэл гэдгийг хүмүүс мэдэж, агаарын бөмбөлгөөс холбож хөөрөх болсон гэдэг. 1911 онд Оросын Глеб Евгеньвич Котельников тухайн үеийн хэрэгцээ нөхцөлийг хангасан үүргэвч бүхий шүхэр зохиожээ.
Тэрбээр “Нисэх онгоцонд авч явахад авсаархан, бат бөх, найдвартайгаас гадна эвхэж жижиг болгоод, харайх үед саад болохгүй шүхэр хэрэгтэй гэдгийг ойлгосон юм” гэжээ. 1912 оны долдугаар сарын 16-19-нд тэрбээр Галчины ойролцоох Салюзи Котельников тосгонд бүтээсэн шүхрээ аэростат онгоцноос туршсан байна. Түүний зохиосон шүхэрт орчин үеийн шүхрийн бүх элемент байснаараа онцлогтой. Түүний хийц дээр одоогийн шүхрүүд үндэслэгддэг тул үүргэвч бүхий шүхрийг дэлхийд Котельников зохиосон гэж үздэг. Тэгвэл XVIII зууны эхэн үед Монголд 16 настай Буниа хэмээх банди шүхэр сэдэн хийж, Хархоринд сүмийн оройгоос хэдэнтээ бууж байсан тухай өгүүлдэг. Нисгэгчдийн нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ЗХУ-ын сургагч, нисэх хүчний маршал В.А.Судецийн удирдлагад Монголд 1934 онд анх шүхрээр буужээ.
1934 оны гуравдугаар дугаар сарын 14-нд 800 метр өндрөөс У-2 нисэх онгоцноос бригадын дарга Ц.Очир, 1936 оны есдүгээр сарын 29-нд 600 метр өндрөөс К5 нисэх онгоцноос 10 хүн зэрэг буусан байдаг. Монголын ууган шүхэрчдийн дунд М.Загдхорлоо хэмээх эмэгтэй анх удаа шүхрээр бууж, Алтангадас одонгоор шагнуулжээ.Энэ үйл явдлаас хойш Монголын залууст шүхрээр буух сонирхол төрж эхэлсэн аж. 1934-1945 онд армид шүхрийн алба ажиллан шүхрээр буух хүмүүсийг сургалтад хамруулсан аж. Тэр үед шүхэр спортын төрөл болж хараахан хөгжөөгүй байв. Залуучуудад бие бялдар, эр зоригийн хүмүүжил олгох зорилгоор агаарын спортыг хөгжүүлэхээр 1959 онд нисэх клуб байгуулжээ. ЗХУ-ын баг шүхэрчид Памирын уулын оргилд буусны дараа 1987 онд шүхрийн ОУХМ Д.Отряд, Т.Сугар нар Говь-Алтай аймгийн Тонхил сумын далайн түвшнээс дээш 4130 метр өндөрт орших Сутай хайрхны оргилд АН-2 нисэх онгоцноос РЛ-12/2 шүхрээр 4900 метр өндрөөс буусан нь Ази тивд анхны, дэлхийн хоёр дахь буулт болсон юм. Монголд шүхрээр хамгийн олон буусан түүний амжилт өнөөг хүртэл эвдэгдээгүй. 2012 онд шүхрийн спортын төрлийг хөгжүүлэх, сурталчлах, ур чадвартай баг тамирчид бэлтгэх, олон улсын тэмцээнд оролцуулах зорилгоор Монголын шүхрийн спортын нийгэмлэг байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Бэлтгэсэн: Г.Цэцэг