Монгол Улсын мэргэн, спортын мастер, нум, сум урлаач Л.Ядамсүрэнгийн нэрэмжит үндэсний сурын отго харвааг үндэсний сур харвааны хүндэт мэргэн Т.Батмөнх ивээн тэтгэдэг уламжлалтай. Тэрбээр үндэсний сурын спортод оруулсан багшийнхаа хувь нэмэр, үйл хэргийг үргэлжлүүлэн ийн 29 дэх жилдээ зохион байгууллаа. Хаалтын харваанд 480 харваач, 128 хүүхэд цэц сорив. Т.Батмөнх тэмцээнд амжилттай оролцсон харваачдад, эхний гурван байрт шалгарсан хүүхдүүдэд өөрийн гарын бэлэг өгдөг. Энэ удаагийн харваанд улсын мэргэн цолтой эмэгтэй харваачид өнгөлсөн.
Сонирхуулахад, отго харвааны үеэр нэгэн баярт үйл явдал болсон нь “Алдар” спорт хорооны дарга, Монгол Улсын даян аварга Г.Өсөхбаяр, “Жем интернэйшнл” ХХК-ийн эрхий мэргэчүүд багийнхаа харваач, Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, спортын мастер Б.Мөнхзулд өргөө цагаан гэр, тавилгатай нь бэлэглэв. Б.Мөнхзулын хувьд их хотын амьдралд хөлөө олох гэж яваа хөдөөгийн залуусын нэг. Хотод өөрийн гэсэн орон байргүй түүнд алс нутагт суугаа аав нь тэр бүр туслах боломжгүй. Хэдхэн хоногийн өмнө удам залгах хүүгээ өлгийдөж авсан тамирчнаа багийнхан нь баярлуулж ийн мялаасан юм.
Бэлтгэсэн: Г.Батцэцэг