Олон улсын шатрын фестиваль Унгар улсын Дебрецен хотод энэ сарын 9-нд албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам, уг хотын шатрын холбоо, Монголын шатрын холбооны Европ тив дэх төлөөлөгчийн газар, “Mon-Hun” спорт клуб хамтран зохион байгуулж буй их мастер цолны оноо олгох тойргийн тэмцээнд эх орноо төлөөлөн олон улсын мастер, эмэгтэй Их мастер Д.Номин-Эрдэнэ амжилттай оролцож, эрэгтэйчүүдийн ангилалд Их мастер цол хүртсэн Монголын анхны, дэлхийн 35 дахь эмэгтэй шатарчин болов. Манайх олон шилдэг эмэгтэй шатарчинтай ч өмнө нь эрэгтэйчүүдийн Их мастер цолтой эмэгтэй тамирчингүй байв. Тэрбээр 10 настайдаа өсвөрийн дэлхийн аварга, 14 настайдаа олон улсын мастер, эмэгтэйчүүдийн Их мастер цол хүртэж байжээ. Тэгвэл 20 насандаа Монголын шатарчдаас эмэгтэйчүүдийн Их мастер, эрэгтэйчүүдийн Их мастер цол хүртсэн хамгийн залуу тамирчин боллоо.
Бэлтгэсэн: Г.Батцэцэг