Практик буудлага нь теннис, туялзуур сэлэм, биллиард, бэйсболл, тулгуурт харайлт, бөмбөгт тоглоом шиг хэрэгсэлтэй спортын төрөлд ордог. Мөн техникийн спортын төрөлд ч багтдаг. Энэ спортын уриа нь хурд, хүч, цэц. Буудлагын спортод хөл тавьсан тамирчны гараа зэвсгээ зөв барих, харилцахаас эхэлдэг байна. Тэр тусмаа буу нь гацахгүй, хэвийн ажиллах, овоо харааг тохируулах, ямар сум ашиглахаас амжилт нь ихээхэн хамаарна. Практик буудлагын дасгал бүрийн байгууламж, буудлагын тоо, эрэмбэ дараалал өөр учир нарийн төлөвлөлт шаардана. Товчхон хэлбэл, тархины бяд шалгадаг.
Буудлагын чимээ, зэвсгийн тийрэлт, богино хугацаанд огцом тэсрэх хөдөлгөөн, тэсэрсэн хөдөлгөөнөө хурдан тогтворжуулж тэнцвэрээ олох, амьсгалын хуваарилалт, секундийг мянга хуваасны нэгээр цаг хугацааг мэдрэх шаардлага тулгардаг зэрэг нь өндөр хэмжээгээр адреналин ялгаруулдаг тул экстрим спортын төрөлд ч тооцогддог аж.
Буудлагын спортод бусад спортоос ялгарах нэг онцлог бий. Практик буудлагын спортод тэмцээнийг нас, хүйс ялгалгүй зохион байгуулдаг. Нэгдсэн дүнгээс гадна тухайн тамирчны нас, хүйсийн спортод эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн төрөл, өсвөрийн болон ахмадын аварга шалгаруулах тэмцээнийг тусад нь зохион байгуулдаг онцлогоор ялгаж дахин дүгнэдэг. Ингэснээр тухайн тамирчин нэг тэмцээнээс, нэг л гүйцэтгэлээр олон медаль авах боломжтой.
Харааны гэхээсээ оюуны чадавх, торгон мэдрэмж илүүтэй шалгадаг тул практик буудлагын спортод бүсгүйчүүд эрчүүдээс илүү амжилт гаргах тохиолдол цөөнгүй. Тухайлбал, дэлхийн гурван удаагийн аварга Мария Гущинаг гүйцэх эрэгтэй буудагч ховор.
Тиймээс практик буудлага нь сонгодог буудлагын спортын төрлийг бодвол харааны төвлөрөл биш, харин харааны хурд шаарддаг байна. Швед улсын Карлскога хотод болсон практик буудлагын спортын ДАШТ-д манай улсын баг амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн байдаг. Буудлагын олон төрөл байдгаас хичээллэгч болоод хамрах орны тоогоороо практик буудлага олимпын буудлагын дараа бичигддэг. Тиймээс олимпын нэг төрөл болгохоор Олон улсын практик буудлагын холбооноос зорьж буй.
Бэлтгэсэн: Г.Батцэцэг