АНУ-ын Нью-Йорк хотод болсон теннисний “Америкийн нээлттэй тэмцээн”-ий эхний тойргийн сугалаа үзэгчдэд гэнэтийн бэлэг барив. Мэдээж хэрэг дэлхийн тэргүүн теннисчин асан М.Шарапова хамгийн заналт өрсөлдөгч С.Уильямстай арай хожуу таарсан бол бүр сонирхолтой болох байлаа. Гэхдээ Мария өнөөгийн байдлаар аваргын төлөө өрсөлдөхүйц сайн тоглож чадахгүй, Серена ч охиноо төрүүлснээс хойш хуучны мундаг формдоо орж чадахгүй байгаа нь үнэн юм. Гэсэн хэдий ч дэлхийн хамгийн алдартай, баян эмэгтэй хоёр тамирчин гурван жил гаруйн дараа учраа таарч буй учир өнөөдөр эмэгтэй теннисний ертөнцөд чухал үйл явдал болж байна. Эл гайхалтай өрсөлдөөний талаар мэдэхгүй хүн теннис сонирхогчдын дунд байхгүй гэдэгт итгэлтэй байгаа боловч 15 жилийн өмнө, Уимблдоны финалаас эхэлсэн Мария, Серенагийн дуэлийн тухай товч өгүүлье.
18 ДАРААЛСАН ХОЖИГДОЛ
2004 онд 17 настай М.Шарапова туршлагатай С.Уильямсыг дуулиантайгаар хожиж, анхны чухал тэмцээндээ түрүүлсэн билээ. Дүү Уильямс тэгэхэд айхавтар уурласан түүхтэй. Мария дуртгал номдоо америк тамирчныг багтартлаа уурлаж, “Ахиж энэ гичийд хэзээ ч хожигдохгүй” гэж найздаа ярьсан тухай дурссан байдаг. Энэ бүхэн үнэн, эсэхийг Серена батлаагүй боловч хоёр одын хоорондох үзэн ядалт тэрхүү тэмцээнээс эхэлсэн нь гарцаагүй юм.
2004 оны улирлын сүүлчийн тэмцээнд Серена ахиж Марияд хожигдсоноос хойш Шараповатай учраа таарах бүртээ сүүлчийн тоглолтдоо оролцож буй мэт сэтгэл зүйтэй гарах болсон гэдэг. Ингээд хэдхэн хоногийн дараа буюу 2005 оны нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээд америк тамирчин орос өрсөлдөгчөөсөө хариугаа авснаар хэт давуу цувралаа эхлүүлсэн юм. Мария түүнээс хойш Серенад 18 тоглолт дараалж ялагдаад байна. Гэхдээ 2018 оны зургадугаар сард болсон сүүлчийн тулааныг С.Уильямсын хүсэлтээр зогсоосныг дурдах ёстой. “Ролан гаррос”-ын дөрөвдүгээр тойрогт Серена эрүүл мэндийн шалтгааны улмаас Мариягийн эсрэг тоглолтоо зогсоосон ч зарим нь түүнийг хожигдол хүлээж, улмаар ялалтын супер цувралаа тасалдуулахаас эмээсэндээ ийм шалтаг хэлсэн гэж үздэг.
ХАР ЗҮРХТЭЙ ЗАЛУУ
Шарапова, Серенагийн өрсөлдөөний тухай ярихдаа орос бүсгүй болон түүний найз залуу асан Г.Димитровын эсрэг Уильямс тун хачирхалтай зан авир гаргасныг дурдах ёстой. Америк бүсгүй 2013 онд “Rolling stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Г.Димитровыг “Хар зүрхтэй залуу” гэж нэрлэснээс гадна Шараповаг “Хэзээ ч том үдэшлэгт урихгүй” гэж шүүмжилсэн юм. Түүнийг яагаад ингэж хэлснийг одоо хүртэл хэн ч мэдэхгүй. Хор шартай хоёр бүсгүй зөвхөн олны нүдэн дээр л бие биедээ найрсаг хандана гэдэг нь чухам энэ үед бүрэн тодорхой болсон билээ.
ХЭН ЯЛАХ НЬ ТОДОРХОЙ
Өнөөдөр болох тоглолтын үр дүнгийн талаар яривал Мария сугалаанд азгүй байлаа гэж хэлэхээс өөр аргагүй. Онолын хувьд тэрбээр Нью-Йоркт эхний 2-3 тойрогт ялах боломжтой байсан ч одоо түүнийг ядаж нэг ялалт байгуулна гэж хэлэхэд хэцүү болж ирэв. Серена харин охиноо төрүүлснээс хойш нэг ч тэмцээнд түрүүлээгүй боловч Америкийн нээлттэй тэмцээнд эрчимтэй бэлтгэж байгаа тухай мэдээлэл гарсан. Тэрбээр Торонтод болсон тэмцээний финалд шалгарсан ч эрүүл мэндийн шалтгаанаар тоглолтоо дуусгаагүй. Мөн ийм шалтгаанаар Цинциннатид болсон тэмцээнд оролцоогүй. Гэхдээ өнөөдрийн тоглолтод америк бүсгүй зуун хувь бэлэн байгаад эргэлзэх хэрэггүй л болов уу.
Тэдний хэн ялсан нь АНУ-ын К.Макнелли (дэлхийн чансааны 121 дэх теннисчин), эсвэл Швейцарын Т.Бачинскитай (чансаа нь 88) тоглоно.
Бэлтгэсэн: Э.Манлайбаатар