БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр Японы Шизүока мужийн Шимада, Изүнокүно, Яйзү хотын төлөөгчдийг хүлээн авч, санал солилцжээ. Манай бокс, чөлөөт болон жүдо бөх, пара хөнгөн атлетикийн шигшээ баг тамирчид Японд 2015 оноос эхлэн жил бүр бэлтгэл, сургуулилалт хийж байгаа юм. Шимада хотод бокс, Яйзүд чөлөөт бөх, пара хөнгөн атлетик, Изүнокинод жүдогийн, нийт 200 гаруй тамирчин 15 удаа бэлтгэл, сургуулилалтад хийжээ. Үүний үр дүнд амжилт нь өссөн төдийгүй хоёр орны тамирчид харилцан нөхөрлөж, улс, үндэстнийхээ соёл, ёс заншлыг сурталчлан, суралцах том боломж гэж үздэг байна.
Түүнчлэн Яйзү хотын удирдлага манай чөлөөт бөхийн тамирчдад бэлтгэлийн иж бүрэн хувцас, пара хөнгөн атлетикийнханд уралдааны тэргэнцэр бэлэглэсэн аж. Жүдо бөхийн тамирчид Изүнокино хотод бэлтгэл, сургуулилалт хийж, нөхөн сэргээлт, спортын анагаах ухааны үзлэгт хамрагдаж байна. Шимада хотод очсон манай боксын тамирчдын сургуулилах нөхцөлийг бүрэн бүрдүүлж, залуучуудын шигшээ багийнхантайгаа хамт бэлтгэл хийлгэж байгаа гэнэ. Энэ мэтээр олон талт хамтын ажиллагаа өрнүүлж байгаа аж.