Боулингийн спортын чансаа өндөр тамирчдын лигийн тэмцээн болох “Big bowling friendship-2019” тэмцээний нэгдүгээр тойрог өнгөрөгч бямба гаригт өндөрлөлөө.
Монголын боулинг сонирхогчдын холбооноос дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тус тэмцээнд энэ удаа нийт 10 багийн 40 тамирчин (эрэгтэй 30, эмэгтэй 10) оролцож байгаа. Эрэгтэй ганцаарчилсан төрлийн нэгдүгээр байранд “Big bowling” клубын Б.Оюунболд, хоёрдугаар байранд “Brain box” компанийн тамирчин Б.Мөнх-Эрдэнэ, гуравдугаар байранд “Winners” клубын Ц.Оюунжаргал нар шалгарлаа. Энэ төрлийн тусгай байрын шагналыг “Winners” клубын тамирчин Х.Хишигбат авсан юм.
Эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар “Strikes” клубын Т.Долгормаа тодорч, мөнгөн медалийг “Strikes” клубын Ш.Гэрлээ, хүрэл медалийг “Winners” клубын Э.Хунтогос, тусгай байрын шагналыг залуу тамирчин Э.Индра хүртлээ.
Багийн төрөлд алтан медалийг Ж.Цэвэгмэд ахлагчтай баг, мөнгөн медалийг Ж.Содномдорж ахлагчтай баг, хүрэл медалийг Д.Отгонжаргал ахлагчтай баг хүртэж, тусгай байрын эзнээр Б.Оюунболд ахлагчтай баг тодорлоо. Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрчүүдээс “Big bowling” клубын Б.Оюунболд (226 оноо), эмэгтэйчүүдээс “Winners” клубын Э.Хунтогос (196 оноо) нар шалгарлаа. Нэгдүгээр тойрогт баг, тамирчин бүр 15 тоглолт гүйцэтгээд авсан онооныхоо эрэмбээр зонд хуваагдан шалгарсан багууд хасагдах журмаар тоглож аваргаа тодруулсан. “Big bowling friendship” лигийн тамирчдын шагналын санг тамирчдын өгсөн хураамжаас бүрдүүлж, шилэн дансны аргаар зарцуулдаг бөгөөд энэ удаагийн тойргийн шагналын сан 2 сая 705 мянган төгрөг байлаа. Лигийн тэмцээн зуны хоёр сар завсарлаад есдүгээр сараас үргэлжилнэ.