“Татвар-Хөгжлийн үндэс” уриан дор нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс татвар төлөгч байгууллагуудынхаа дунд боулингийн аварга шалгаруулах тэмцээнийг 7 дахь удаагаа зохион байгууллаа.
Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд зохион байгуулсан тус тэмцээнд тус дүүргийн татвар төлөгч шилдэг 15 байгууллагын баг тамирчид оролцсон.
Тэргүүн байранд тус тэмцээнд олон жил тогтмол амжилттай оролцож буй “Петровис ойл” ХХК-ийн баг шалгарлаа. Боулингийн спортын мастер Ц.Бямбасүрэн ахлагчтай Паркийн боулингийн хамт олон эхний шатанд 784 оноо авч илт тасархай түрүүлсэн ч хоёрдугаар шатанд “Петровис ойл”-ын багт ялагдсанаар аман хүзүүдлээ.
Харин тус тэмцээнд анх удаагаа орж эхний шатанд 8-аар шалгарсан ч дараагийн шатанд амжилттай шидэлт гүйцэтгэсэн “Премиум конкрит” ХХК-ийн баг хүрэл медалийн болзол хангалаа. Дөрөвдүгээр байранд “Монгол ньюс” ХХК-ийн баг орсон. Тус баг нэг болон хоёрдугаар шатанд тус бүр дөрөвт орсноор энэ жил анх удаагаа медалиас мултарсан юм. Алтан медалийн эзэд 1,5 сая төгрөг, мөнгөн медаль хүртсэн баг 1,2 сая, хүрэл медальт баг 1 сая төгрөгийн шагнал гардсан.
Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээс эрэгтэйчүүдээс “Петровис ойл” ХХК-ийн тамирчин Ж.Цэвэгмид (194 оноо), эмэгтэйчүүдээс паркийн тамирчин Б.Нямжав (166 оноо) нар шалгарлаа.