Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд зохион байгуулдаг ширээний теннисний уламжлалт тэмцээн өнөөдөр “Оч” клуб дээр амжилттай боллоо.
“Одоо цаг” сониноос 4 дэх жилдээ зохион байгуулж буй тус тэмцээн ганцаарчилсан болон хосын төрлөөр болж 15 байгууллагын 30 гаруй тамирчин хурд хүчээ сорилоо.
Тэмцээний ганцаарчилсан төрлийн аваргын алтан медалийг “Одоо цаг” сонины сэтгүүлч Д.Буян, МҮОНТ-ийн ажилтан С.Сарантуяа нар, мөнгөн медалийг “Шуурхай зар” сонины ажилтан Ц.Золзаяа, “Өнөөдөр” сонины ажилтан Н.Баясгалан нар хүртлээ. Харин хүрэл медалийн эзнээр "Одоо цаг" сонины маркетингийн менежер Г.Түвшинбаяр, "Өнөөдөр сонины" гэрэл зурагчин Э.Харцага нар тодорлоо.
Хосын буюу багийн төрөлд найруулагч Г.Энхтүвшин, “Шуурхай зар” сонины ажилтан Ц.Золзаяа нар алтан медаль, "Одоо цаг" сонины эрхлэгч Т.Баярмаа, сэтгүүлч Д.Буян нар мөнгөн медаль хүртэв. Хүрэл медалийн эзнээр “Монгол ньюс” ХХК-ийн “Өнөөдөр” сонины баг тамирчид болох Н.Баясгалан, Э.Харцага нар шалгарсан юм. Шагналт байранд “Хэвлэлийн хүрээлэн”-гийн Н.Март, Т.Намбаяр нар орсон.
“Хуванцар савны эсрэг хамтдаа” уриан дор болсон тус тэмцээнийг УИХ-ын гишүүн асан Д.Ганбат ивээн тэтгэж тамирчдад шагналыг нь гардуулж, алтан медалийн эздэд 25 литрийн бидон бэлэглэв.
Тус тэмцээнд “Монгол ньюс” ХХК-ийн “Өнөөдөр” сонин, “Одоо цаг”, “Шуурхай зар”, “Хориотой бүс”, “Хөх толбо” сонин, МОНЦАМЭ агентлаг, МҮОНТ, SBN телевиз, Хэвлэлийн хүрээлэнгийн тамирчид байнга идэвхитэй оролцож амжилт гаргасаар иржээ.