Монголын боулинг сонирхогчдын холбоо (МБСХ)-ны Тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн дарга, улсын шүүгч Г.Анхбаяртай цөөн хором ярилцлаа.
-Удахгүй болох боулингийн УАШТ өмнөх жилүүдээс юугаараа онцлогòîé вэ?
-Монгол Улсад боулингийн спортыг 1996 онд анх хөгжүүлж, суурийг нь тавьсан түүхтэй. Д.Амьбөх багш спортод элэгтэй нөхдийнхөө хамт МБСХ-г 2009 онд байгуулж, эл спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэн, олон тэмцээн зохион байгуулсаар өдий хүрсэн. Эдгээр тэмцээний нэг нь 2017 оноос хойш зохион байгуулж буй сонирхогчдын УАШТ. Иргэдийг боулингийн спортод дурлуулах, хичээллэгсдийн тоог нэмэх, залгамж халаагаа бэлтгэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зэрэг олон зорилготой тэмцээнийг анх зохион байгуулахдаа баг бүрийг дөрвөн хүн (хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй)-ий бүрэлдэхүүнтэй өрсөлдүүлж байсан. Өнгөрсөн жил дүрмийг нь ялимгүй өөрчилж, бүрэлдэхүүнийг нь тав болгосон юм. Улмаар баг бүрт эгнээндээ чансааны оноотой, мэргэжлийн тамирчин нэгийг нэгтгэх боломж олгосон. Харин энэ жил зөвхөн сонирхогчдыг өрсөлдүүлнэ, баг бүр гурван эрэгтэй, нэг эмэгтэй тамирчинтай байна. УАШТ багийн болон эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд болно. Энэ сарын 13-14-нд “Биг боулинг” төвд зохион байгуулах тэмцээнд одоогоор 28 баг оролцохоо мэдэгдсэн. Ойролцоогоор 40 гаруй баг өрсөлдөх байх.
-Өөрчилсөн дүрмээ хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарав?
-Бид мэргэжлийн болон чансаа өндөртэй 130 гаруй тамирчдын нэрийг бүгдийг нь албан ёсоор гаргаж, сонирхогчдын УАШТ-д оролцох боломжгүйг нь мэдэгдсэн.
-Боулингийн спортыг улам хөгжүүлэх, тамирчдынхаа амжилтыг ахиулахын тулд та бүхэн юу хийхээр төлөвлөсөн бэ?
-Монголд эл спорт хөгжиж эхэлсэн үеэс боулингийн цөөнгүй төв байгуулагдсан ч 2009 он гэхэд санхүүгийн бэрхшээлийн улмаас бүгд үүдээ барьсан. Тэр хэрээр боулингийн спортын хөгжил саарсан. Тийм хүнд үед манай холбооныхон улсдаа анх удаа 10 замтай “Биг боулинг” төвийг байгуулсан нь Монголын боулингийн хөгжилд томоохон нэмэр болсон. 1996 оноос хойш эл спортоор хичээллэсэн тамирчдынхаа цол, зэргийг өнгөрсөн онд батлууллаа. Тэд өдий хүртэл амжилтаа үнэлүүлээгүй байсан юм л даа. Боулинг олимпын бус спорт тул улсаас биднийг дэмждэггүй, ямар нэгэн тэмцээн зохион байгуулах, төв байгуулахад ивээн тэтгэх, хөрөнгө оруулах байгууллага, компани, хувь хүн байдаггүй. Бид жилд дунджаар 20 гаруй тэмцээн зохион байгуулдаг. Тамирчдаа олон улсын тэмцээнд оролцуулах, бэлтгэлийг нь хийлгэх зардлыг өөрсдөө зохицуулдаг. Манай холбооныхон гадаадад амьдарч буй монголчуудаа эл спортод дурлуулах, хичээллүүлэхэд их анхаарч байна. АНУ-д амьдардаг иргэдийнхээ аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн сард зохион байгуулж, Монголоос тамирчид оролцсон нь өрсөлдөөнийг улам нэмсэн. Эл тэмцээнийг хийх санааг анх МБСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амьбөх гаргаж, 2014 оноос хойш зохион байгуулж байна. Манай тамирчид өнгөрсөн жил Азийн наадамд оролцон, амжилтаа ахиулсан. Энэ жил арванхоёрдугаар сард болох ДАШТ, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд үндэсний шигшээ багийн тамирчдаа өрсөлдүүлэхээр бэлтгэж байна. Бид юуны түрүүнд Зүүн Азийн АШТ, цаашлаад Азийн АШТ-ийг эх орондоо зохион байгуулах зорилготой. Энэ мэт хийхээр төлөвлөсөн ажил олон бий.
-Монгол боулингчид энэ жил дотоодын хэчнээн тэмцээнд оролцох боломжтой вэ?
-МБСХ-ны Тэргүүлэгч гишүүдийн хурлаар баталсны дагуу бид энэ жил 21 тэмцээн зохион байгуулна. Он гарснаас хойш “Холбооны цом”, ганцаарчилсан, ахмад болон холимог багийн тэмцээнийг хийлээ. Тав дахь нь сонирхогчдын УАШТ. Чансаа өндөр тамирчдын дунд зохион байгуулж буй “Big bowling friendship” лигийн тэмцээний дөрөвдүгээр улирлын тоглолт энэ сарын сүүлээр болно. Мөн Г.Ууганболд ерөнхийлөгчтэй “Страйкс” клубтэй хамтран 40 хүртэлх насны ангиллын тэмцээнийг хийхээр төлөвлөсөн. Боулингийн клубүүд өөрсдийн санаачилгаар манай холбоотой хамтран олон тэмцээн зохион байгуулж, эл спортын хөгжилд ташуур өгч буйд олзуурхдаг.