Өнгөрөгч ням гаригт Монголын Боулинг Сонирхогчдын Холбооноос “Big bowling” төвд ганцаарчилсан болон холимог багийн нээлттэй тэмцээн зохион байгуулж, нийт 45 тамирчин авьяас чадлаа сорилоо. Энэхүү тэмцээний онцлог нь клуб, чансаа үл харгалзан сугалаагаар багуудыг бүрдүүлж, өрсөлдөгчдийг нэг багт оруулсан бөгөөд эмэгтэй тамирчдаа дэмжихийн тулд тоглолт бүр дээр +10 оноо өгсөн юм.
Сугалаагаар бүрдүүлсэн 5 хүнтэй холимог багийн аваргаар Г.Жаргалсайхан, Б.Батболд, С.Түмэнжаргал, Г.Төмөрбаатар, Ц.Лхаасүрэн нарын баг тодорч аваргын цом, алтан медалийн эзэд боллоо. Мөнгөн медалийг Д.Мурат, Т.Долгормаа, З.Гэрэл, Э.Энхбадрал, С.Баярхүү нарын баг, хүрэл медалийг Э.Харцага, П.Одхүү, Б.Мягмарцэнд, Л.Оюунбаяр, Б.Тамир нарын баг хүртлээ.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эхний гурван байрыг шинэхэн байгуулагдсан “Winners” клубын тамирчид болох Ц.Батжаргал, Х.Хишигбат, Э.Золбоо нар эзэлсэн нь сонирхол татлаа. Эмэгтэй ганцаарчилсан төрлийн эхний хоёр байранд мөн л “Winners” клубын З.Гэрэл, Б.Мягмарцэнд нар өнгөлж, ТЭЦ-3 клубын Л.Цэцэгсүрэн гуравдугаар байранд шалгарлаа.
Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр “Big bowling” клубын тамирчин, спортын мастер, Ц.Лхаасүрэн (245 оноо), эмэгтэйчүүдээс “Winners” клубын залуу тамирчин Э.Хунтогос (227 оноо) нар тодорсон.
Ганцаарчилсан төрөлд 1-ээр гарсан тамирчин 16-д орсон тамирчинтай халз тоглох зарчмаар эрэгтэй 16, эмэгтэй 8 тамирчин хоорондоо халз тоглосон. Энэ үеэр өндөр оноо авсан, өндөр цолтой тамирчид доороос гарч ирсэн шинэ тамирчдад өвдөг шороодсон нь залуучууд бэлтгэл сайтай, өрсөлдөөн өндөр болж байгааг дахин нотоллоо.