Перу Улсад энэ сарын 06-17-нд үргэлжилсэн Дакар раллид амжилттай оролцсон Монголын баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.
Ах, дүү Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар “UTV OPEN” ангилалд Монголоос анх удаа оролцохдоо түүхэн амжилт үзүүлж, гуравдугаар байрт бичигдсэн юм. Тэд хамтдаа "Дакар ралли"- д нийт 40 гаруй орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэйгээр 10 өдрийн турш уралдаж, 5000 километр замыг туулсан билээ.
Багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, Техникийн бүрэн бүтэн байдлыг хангагчаар Б.Баттөр нар ажилласан бол спортын сэтгүүлч Б.Онон Монголын хэвлэл мэдээллийнхнээс анх удаа албан ёсны эрхтэйгээр раллиг сурвалжилсан юм.