Триатлоны спорт хөгжиж, улам олон улсад тархах болсноор хэвшсэн ойлголт, хил хязгаарыг ч тэлж эхэллээ. Триатлоны тамирчид зөвхөн усанд сэлж, дугуй, гүйлтээр өрсөлдөх ёстой гэсэн ойлголт ойрын жилүүдэд өөрчлөгдөж, тэд цас, мөсийг өөрсдийн дуртай спортдоо “ашиглах” болов. Тодруулбал, тамирчид усанд сэлэлтийг цанаар тэших болгож өөрчилснөөр өвлийн триатлон мэндэлсэн юм.
Олон улсын триатлоны холбооны (ITU) дүрмийн дагуу өвлийн триатлоны албан ёсны тэмцээний үеэр тамирчид найман км зайд гүйж, 14 км зайд дугуй унаж, 12 км зайг цанаар туулах ёстой. Гэхдээ тэмцээн болж буй газрын цасны нөхцөл, байдлаас шалтгаалж энэ хэмжээ өөрчлөгдөх тохиолдол бий.
Ташрамд дурдахад, өвлийн триатлонд оролцогчдын хувьд гутлаа, зарим өмсгөлөө хурдан сольж өмсөх нь ялалт байгуулахад ихээхэн нөлөөлдөг байна.
Өвлийн триатлоны К.Роналду, эсвэл Л.Месси гэж нэрлэж болох тамирчин бол ОХУ-ын Павел Андреев юм. Тэрбээр дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээнд тус бүр зургаан удаа түрүүлжээ. 2018 онд Румын улсад болсон дэлхийн аваргын тэмцээний элит ангилалд тэрбээр зургаа дахь алтан медалиа хүртсэн агаад ОХУ-ын тамирчид хөвгүүд, эмэгтэй элит, охид, залуучуудын ангилалд тэргүүлж, онцгой амжилт гаргасан юм. Ер нь өвлийн триатлоны төрөлд хойд хөршийнхөн амжилттай оролцдог уламжлалтай.
2019 оны дэлхийн аваргын тэмцээн ирэх сарын 9-10-нд Италийн Асиаго хотод болно. Тамирчид 1500 метрийн өндөр Венецийн ууланд элит, 23-аас доош нас, залуучууд, паратриатлон, сонирхогчийн ангилалд өрсөлдөх юм. Түүнчлэн өвлийн триатлоны төрлөөр Европын аварга шалгаруулах тэмцээн, “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээн болдог.
Ийнхүү спорт сонирхогчдын хувьд зөвхөн зуны спорт мэтээр төсөөлж ирсэн триатлон нь өвлийн спорт болоод байна. ITU нь өвлийн триатлоныг олимпын хөтөлбөрт багтаахаар чармайж буй бөгөөд 2014 оны Сочигийн олимпод амжилт олоогүй тэд 2022 оны Бээжингийн олимпын наадамд ихээхэн найдвар тавьж буй. Гэвч триатлоны эл төрөл нь голдуу Европын улсуудад хөгжсөн, бусад тивд төдийлөн дэлгэрээгүй нь саад болох магадлалтай.