Ихэнх спортын тамирчид олимпын дэвжээнд өрсөлдөж, түрүүлэхийг мөрөөддөг. Тэгвэл авто спортынхны хамгийн өндөр оргил нь яах аргагүй “Дакар ралли”. Эл уралдаанаас медаль хүртэх нь бүү хэл барианд орсон гэдэг нь л том амжилт. Өнөө жил гэхэд “Дакар ралли”-д хамгийн олон (13) түрүүлсэн Стефане Петерхансел тэргүүтэй олон шилдэг тамирчин зорилгоо гүйцээж чадалгүй, уралдааныг дундаас нь орхисон.
Перу улсын нутаг дэвсгэрт, 5000 км зам туулан, 10 өдөр үргэлжилсэн уралдаанд өнөө жил Монголоос дөрвөн дугуйтаар оролцсон манай тамирчид барианд амжилттай оров. Түүгээр үл барам UTV ангилалд хүрэл медаль хүртэн, түүхэн амжилтын эзэн боллоо. Тэд автомашины ангилалд 32 дугаар байрт шалгарсан юм. Манай багийн бүрэлдэхүүнд жолоочоор Ө.Бямбацогт, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр нар оролцсон. Тэд төрсөн ах, дүү. Улсынхаа анхдагч болж, монгол тамирчид “Дакар ралли”-д чамгүй амжилт үзүүлэх жимийг гаргасан манай уралдаанчид энэ сарын 25-нд эх орондоо ирнэ.