Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын дэвжээнд босоо байгаа “King Tug” Нямбаярын Төгсцогт ирэх сарын 26-нд WBC болон IBO холбооны дэлхийн аварга, Доминикан Улсын боксчин Клаудио Марреротой 12 раунд тулалдана. “Өндөр чацтай хот” Нью-Йоркийн, NBA-ийн “Бруклин нэтс”, NHL-ийн “Нью-Йорк айлендерс” багийн тоглодог 17 000 хүний суудалтай алдарт “Barclays сenter” ордонд тулаан болно гэдгийг өмнө нь мэдээлсэн билээ.
Мэргэжлийн боксын дэвжээнд 10 удаа тулалдаад бүгдэд нь ялсан (9 КО) Төгсөөгийн хувьд энэ удаагийн тулаан карьерынх нь хамгийн чухал өрсөлдөөний нэг болно. Учир нь Төгсцогт-Маррерогийн “дуэль”-д хэн ялсан нь IBO буюу Interna¬tional boxing organization холбооны 57.2 кг-ын эзэнгүй байгаа Дэлхийн аварга цолыг эзэмших юм. Энэ тухай IBO албан ёсоор мэдээллээ.
Мөн дараа нь WBC-ийн Дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулалдах эрхтэй ч болно. Тулааныг 2019 оны нэгдүгээр сарын 26-нд 17.00 цагаас Америкийн баруун эргийн FOX сувгаар шууд дамжуулна. Энэ орой мөн WBA-ийн 66.8 кг-ын жинд Дэлхийн аваргын төлөө Кэйт Турман-Хосесито Лопес нарын тулалдах юм. Тулааны тасалбар 57-757 ам.доллароор ticketmaster.com-оор зарж байна.
Ц.ЭНХТҮВШИН
“Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч