Монголын спортынхны “Оскар” гэгддэг “Бөртэ чоно” наадам өнгөрсөн баасан гарагт болж, шилдгээ тодруулав. Өнөө жил Азийн наадам болсон төдийгүй тив, ДАШТ-ээс тамирчид маань амжилтын арвин “ургац” хураасан тул шилдгээр хэн тодрох нь спортын хорхойтнуудын анхаарлыг гойд татсан. ДАШТ, Азийн наадмаас хүрэл медаль хүртэн, хэдхэн хоногийн өмнө “Мастерс”-т үзүүрлэсэн, ОУХМ Л.Отгонбаатар (жүдо) шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин болов. Шилдгээр ДАШТ-ээс хүрэл, Азийн наадмаас мөнгөн медаль авсан Ө.Дүүрэнбаяр (жүдо), Азийн наадмын аварга Э.Цэндбаатар (бокс) нар тодорч, “Бөртэ чоно” анх удаа хүртлээ.
Эмэгтэйчүүдээс хамгийн шилдэг нь ДАШТ-ээс хүрэл медаль авч, Монголын боксын спортод шинэ хуудас нээсэн, ОУХМ М.Нандинцэцэг байв. Дэлхийн дэвжээнээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, Азийн наадмаас алт, хүрэл медаль хүртэхдээ тивийнхээ дээд амжилтыг шинэчилсэн Г.Нандинзаяа нар шилдэг болсон юм. “Бөртэ чоно”-ын өрсөлдөөн хэр ширүүн өрнөснийг “Алуурчин” гэгддэг “К-2” оргилд гарсан улсынхаа анхны уулчин болсон, Гавьяат тамирчин Б.Гангаамаа шилдгээр тодроогүйгээс харж болно.
Ийнхүү шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчид тодрон, тэднээс хэн нь шилдгийн шилдэг болж, шилжин явах цом өргөх нь энэ оройн гол үйл явдал байлаа. Улсын 11 удаагийн аварга, ДАШТ-ий медальт Монголын анхны эмэгтэй боксчин М.Нандинцэцэг 2018 онд гаргасан амжилтаараа бусдыгаа манлайлж, улсынхаа хамгийн шилдэг тамирчин болов. Өнгөрсөн жил шилдгийн шилдгээр тодорсон, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа түүнд цомыг нь гардуулсан юм. Ингэснээр М.Нандинцэцэг “Бөртэ чоно”-д анх удаа нэр дэвшээд хамгийн том шагналынх нь эзэн болсон бол О.Насанбурмаа шилдгээр дөрөв дэхээ (өмнө нь 2008, 2011, 2013) шалгарлаа.
Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монголын хоккейчид багийн спортын төрөлд хамгийн шилдэг нь байв. Энэ жил олон амжилтаар улсынхаа сагсан бөмбөгийн спортын түүхэнд анхдагч болж, насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөн, өдгөө чансаагаараа тивдээ тэргүүлж буй Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ багийнхны өмнө тэд алхсан юм.
Дасгалжуулагчдаас шилдгийн шилдгээр Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан (чөлөөт бөх), шилдгээр Ж.Ганхуяг (буудлага), С.Эрдэнэ-Очир (буудлага), А.Мэргэн (хоккей) нар тодров. Ж.Ганхуягийн охин нь ОУХМ Нандинзаяа юм. Аав, охин хоёр “Бөртэ чоно” өргөсөн нь яах аргагүй содон үйл явдал.
Энэ жил Монголын спортын шилдэг сэтгүүлчийг анх удаа тодруулахад ETV телевизийн С.Шижирбат “Бөртэ чоно” өргөв.
Бусад номинацын шилдэг:
Ерөнхийлөгч -П.Цагаан (Монголын байт харвааны холбоо)
Ерөнхий нарийн бичгийн дарга -Ц.Батнасан (Монголын боксын холбоо)
Залуу тамирчин -Л.Сосорбарам (Залуучуудын олимпын дэд аварга, жүдо)
Аргазүйч -Ж.Даваасүрэн (ХХЕГ-ын харьяа “Хилчин” олимпын зөвлөл)
Клуб -“Эрчим”, хөлбөмбөг
Шүүгч -Т.Энхцэцэг (жүдо)
Олимпын төрлийн холбоо -Монголын гимнастикийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо
Олимпын бус төрлийн холбоо -Монголын шатрын холбоо, Монголын самбо бөхийн холбоо
Менежменттэй холбоо -Монголын уулчдын үндэсний холбоо, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо
Бүтээн байгуулалттай холбоо -Монголын байт харвааны холбоо
Хөрөнгө оруулалттай холбоо -Монголын хөнгөн атлетикийн холбоо
Олимпын зөвлөл -Баянзүрх дүүргийн “Нагано” зөвлөл