Тайландад уржигдар дууссан бодибилдинг, фитнесийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эхний өдөр монгол тамирчид мөнгө, хүрэл медаль тус бүр гурвыг хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэмцээний сүүлчийн өдөр ОУХМ Г.Угалзцэцэг түрүүлж, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Г.Гансаруул мөнгөн медаль хүртэв.
Эл спортоор зургаан жил хичээллэж буй Г.Угалзцэцэг дэлхийн дэвжээнд дөрөв дэхээ түрүүлэхдээ хоёр алтан медаль хүртэн шуугиуллаа. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат тэрбээр эмэгтэйчүүдийн атлетик төрлийн 165 см болон 30-40 насны ангилалд дэлхийн аварга болсон юм.
Монголын бодибилдинг, фитнесийн спортын түүхэнд нэг жил ДАШТ-ээс хос алтан медаль хүртсэн тамирчин үгүй. Эл спортын түүхэнд дэлхийн дэвжээнд түрүүлсэн анхны монгол эмэгтэй тамирчин Г.Угалзцэцэг ийнхүү дахин анхдагч болов. Хэдийгээр бодибилдинг, фитнесийн спорт олимпын бус төрөл ч дэлхийн дэвжээнд таван удаа Төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэг яах аргагүй давтахад бэрх амжилт.
Азийн АШТ-ий гурван түрүүтэй түүний охин М.Мойлоо энэ жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Ээж, охин хоёр нэг жил дэлхийн дэвжээнээс адил спортын төрлөөр медаль авсан нь ховор тохиолдол. Манай тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ.