2018 оны боулингийн улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн өнөөдөр “Big bowling” төвд эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд эрэгтэй 55, эмэгтэй 28 тамирчин оролцож байгаагийн 11 нь спортын мастер, 9 нь дэд мастер ажээ.
Тэмцээний нээлтийн үеэр боулингийн спортыг сурталчлах, олон нийтэд таниулахад хувь нэмрээ оруулж, амжилт гаргасан шүүгч, тамирчдыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамцын тушаалаар боулингийн спортын улсын шүүгч, спортын мастер, спортын дэд мастер цол олгосныг гардуулан өгсөн юм. Ингэснээр Г.Магсаржалам боулингийн спортын улсын шүүгч, В.Энхбат, Г.Сундуйжав, Ш.Гэрлээ, Д.Нацагдорж, С.Дэлгэрцэцэг нар спортын мастер, Э.Энхболд, Б.Оюунцэцэг, Б.Оргилмаа нар спортын дэд мастер боллоо.
Боулингийн спортыг сурталчлах, олон нийтэд таниулах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, боулинг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, клубуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх, 2019 онд тив, дэлхий, олон улсын тэмцээн уралдаанд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой тус тэмцээний дүн маргааш гарна.