Америкийн судлаачид ийнхүү мэдээлсэн нь нийгэмд нэлээд маргаан дэгдээгээд байгаа аж. Ердөө ганц улирал эл спортоор идэвхтэй хичээллэсэн өсвөр насныхны тархинд хүртэл өөрчлөлт орсныг онцлон дурдсан мэргэжилтнүүд судалгаандаа 15-17 насныхныг хамруулсан аж. Тэдгээр хүүхэд тэмцээн болон бэлтгэлийн үеэр байнга хамгаалалтын малгайтай байсан, мөн ямар нэгэн бэртэл аваагүй ч тодорхой хэмжээнд доргилт үүссэнийг тогтоожээ. Эмч, мэргэжилтнүүдийн мэдээлснээр, америк хөлбөмбөг тоглодог хүүхдүүдийн тархины урд болон хойд хэсгийн саарал бодисын бүтцэд маш их өөрчлөлт ордог. Энэ нь тун муу үзүүлэлт. Саарал бодис гэдэг нь тархины бүрхүүлийн мэдрэлийн эдийн бараан өнгөтэй хэсэг аж. Нугасанд ч ийм хэсэг бий бөгөөд түүнийг цагаан бодис гэж нэрлэдэг юм байна. Үүнээс гадна хүүхдүүдийн дотор эрхтэнүүдэд сөрөг нөлөөлөл байгааг тогтоосон гэдгээ мэдээлсэн аж. Гэхдээ энэ бүх өөрчлөлтийн уршиг хэзээ, хэрхэн илрэхийг таамаглах аргагүй. Саарал бодис хүний хөдөлгөөний зохицуулалт, мэдрэхүйн мэдээллийг хариуцдаг чухал “штаб” учраас ямар ч байсан энэ спорт эрүүл мэндэд сайнгүй гэдгийг олон нийтэд ойлгуулах нь чухлыг тэмдэглэжээ.