Олон улсын хөлбөмбөгийн холбоо 2022 онд Катарт болох хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багуудын тоог 32-оос 48 болгож нэмэх шийдвэр гаргасан. Үүний улмаас жижигхэн газар нутагтай Катар улс 48 улсын тоглолтыг нэг дор зохион байгуулах боломжгүй болж байна. Тэгээд ч катарчуудын байгуулж байгаа цэнгэлдэхүүд нь ердөө найм байгаа учир ийм олон багийг хүлээн авах онолын боломжгүй ажээ.
Тиймээс ФИФА энэ асуудлыг шийдэх үүднээс тал, талын хувилбарыг боловсруулж байгаа бөгөөд хамгийн өндөр магадлалтай шийдэл нь зарим тоглолтыг өөр оронд явуулах явдал юм. Үүнийг ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдлээрээ баталлаа. Тэрбээр хэлэхдээ “48 багийг нэг дор тоглуулах боломжгүй гэдгийг ухаарахын тулд Альберт Эйнштейн байх шаардлагагүй. Тиймээс үлдсэн тоглолтуудыг өөр оронд тоглуулахаас өөр аргагүй” гэлээ.
2022 онд Катарт болох хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багуудын тоог 48 болгох бодлогыг Олон улсын хөлбөмбөгийн холбоо барьж эхлүүт хөлбөмбөгийн ертөнцийнхний асар хүчтэй шүүмжлэлд өртсөн ч жижиг, буурай орнуудыг эрх ашиг, хөлбөмбөгийг дэлхийд түгээх бодлогоо дэмжих ёстой гэж үзэн дээрх шийдвэрийг гаргасан.