Монголын боксын спортын өнөөгийн хөгжил, тамирчдын амжилт, ур чадвар дэлхийн хэмжээнд хүрсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Түүхэн амжилтын түүчээ болж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаж яваа олон шилдэг боксчин бий.
Гэхдээ ДАШТ-ий медальт эмэгтэй боксчин төрөлгүй өдий хүрсэн. Тэгвэл үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Нандинцэцэг өчигдөр Марокко улсын тамирчин З.Захроныг 50:0-ээр ялж, хүрэл медалийн болзол хангав.
Ингэснээр дэлхийн дэвжээнд тав дахиа өрсөлдөж буй М.Нандинцэцэг насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын ес, эмэгтэйчүүдээс анхны боксчин боллоо. Азийн наадмын хүрэл медальт, улсын 11 удаагийн аварга, 26 настай тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Болгарын тамирчин С.Петроватай тоглоно.
73 орны 333 тамирчин оролцон, Энэтхэг улсад үргэлжилж буй ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал нарын удирдлагад долоон боксчин оролцож байгаа юм.