“Формула-1”-ийн 2018 оны ДАШТ өндөрлөх дөхөж буй энэ үед ирэх улиралд цахиур хагалах боломжтой ирээдүйн шилдэг нисгэгчдийг танилцуулъя.
Жорж Расселл
Нас: 20 Баг: “Уильямс” Улс: Англи
Олонх авто уралдаанчдын нэгэн адил Ж.Расселл найман настайгаасаа картингаар хичээллэж эхэлжээ. 2014 онд “Формула-4”-ийн Их Британийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн нь түүний анхны том амжилт болов. Төдөлгүй “McLaren Autosport BRDC” шагнал хүртсэнээр Ж.Расселлын замнал огцом цойллоо. 2016 онд BMW баг түүнийг нөөц, 2017 онд үндсэн нисгэгчээ болгов. Гэвч британи хүү DTM ангиллын автомашины уралдаанд оролцож буйдаа сэтгэл дундуур байгааг олж мэдсэн “Мерседес” багийн залуу нисгэгчдийн хөтөлбөрийн захирал Гвен Лагрю түүнтэй уулзжээ. Тэрбээр ирээдүйтэй залуу нисгэгчийг ятгаж чадсан нь Ж.Расселл BMW багийн саналаас татгалзсанаас харагддаг. Гэсэн ч Ж.Расселл “Мерседес” багийг сонгосноор алдаагүй юм. Тус багт орсон эхний жилдээ тэрбээр “GP3” аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж “Формула-2”-т уралдах эрхтэй болсон агаад одоогоор тус тэмцээнийг тэргүүлж буй. Эл багт хоёр жил уралдах хугацаандаа Ж.Расселл дэлхийн аварга Л.Хэмилтоны нөөц жолооч болж, “Формула-1”-ийн хэд хэдэн гараанд багийнхаа нөөц нисгэгчээр оролцож байв.
Гэвч өнгөрсөн сард “Уильямс” баг түүнийг элсүүлж, “Формула-1”-т сойх болсноо зарлалаа.
Чарльз Леклерк
Нас: 21 Баг: “Феррари” Улс: Монако
Хуучинсаг арга барилтай “Феррари” баг ирэх улиралд С.Феттельтэй хамт 21 настай Ч.Леклеркийг уралдуулахаар сонгосон нь нэгийг өгүүлнэ. Аваргын төлөө өрсөлдөх боломжтой машин хөлөглөж, К.Райкконенийн байр суурийг нөхөх гэж буй түүний энэ өсөлтийг гайхалтай гэхээс өөр аргагүй. Ташрамд дурдахад, Ч.Леклерк 1961 оноос хойш “Феррари”-гийн төлөө “Формула-1”-т уралдах хамгийн залуу нисгэгч болно.
Чарльз хэдий нас залуу, цус шингэн ч энэ улиралд “Алфа Ромео Заубер” багт уралдаж, “Формула-1”- ийн ДАШТ-д 33 оноотой 14 дүгээрт байрт бичигдэж буй.
Алдарт “Феррари” багийн харьяат болох гэж буй талаараа Ч.Леклерк “Ирэх улиралд дарамтаас эмээхгүй байна. Энэ улиралд намайг сайн уралдана гэсэн хүлээлт байсан, би үүнд түүртээгүй учир ирэх жил ч ажрахгүй. Би ажилдаа 100 хувь анхаарах болно” гэж өгүүлжээ.
Ландо Норрис
Нас: 19 Баг: “Макларен” Улс: Британи
Ирэх гуравдугаар сард болох “Австралийн гран при”-д “Макларен” машины жолоог атгаснаар Л.Норрис “Формула-1”-т уралдсан хамгийн залуу британи нисгэгч болно. “Макларен”-ий гүйцэтгэх захирал З.Браун англи залууг “сод авьяастан” гэж тодорхойлсон агаад багийнх нь сэргэлтэд тус болж, арван жилийн өмнөх амжилтаар дүүрэн үеийг эргүүлэн авчрах гол хүний нэг гэж үзэж буйгаа дуулгав. Тиймээс түүнийг дэлхийн таван удаагийн аварга Л.Хэмилтонтой зүйрлэж эхэлсэн.
Л.Норрис залуучуудын долоон өөр төрлийн уралдаанд оролцож байснаас гуравт нь аваргалжээ. 2017 онд тэрбээр Европын нэр хүндтэй “Формула-3” уралдаанд тэргүүлсэн хамгийн залуу нисгэгч болсон юм.
“Ирэх улиралд ямар амжилтад хүрэхээ таамаглах амаргүй. Ерөнхийдөө сайн, тогтвортой уралдаж ирээдүйнхээ үндэс суурийг сайн тавихыг хүсэж байна” гэж залуу нисгэгч ярьжээ.
Пьер Гасли
Нас: 22 Баг: “Ред булл” Улс: Франц
2019 онд “Формула-1”-т хөл тавих бас нэгэн ирээдүйтэй залуу бол Пьер. “Тэр бол цойлох цаг нь ирсэн авьяастан. Манай машиныг унах эрх түүнд бүрэн бий” гэж Д.Риккардог орлохоор “Торо россо” багаас ирж байгаа шинэ нисгэгчээ “Ред булл”-ын захирал К.Хорнер магтжээ.
П.Гасли анх GP2 (одоогийн Формула-2)-т уралдаж байхдаа өөрийгөө таниулж, 2016 онд тус тэмцээнд аваргалж байв. Улмаар Японы “Супер формула” аварга шалгаруулах тэмцээнд оролцох үедээ “Торо россо” багаас гэнэтийн дуудлага авснаар “Формула- 1”-т хөл тавьсан аж.
П.Гасли ирэх улиралд өөрөөсөө дүү боловч “Формула-1”-ийн 79 уралдаанд оролцсон М.Верстаппентай хамт өрсөлдөнө.
Анитонио Жиовинацци
Нас: 24 Баг: “Заубер” Улс: Итали
“Итали хүний хувьд Алфа Ромео шиг алдартай, амжилттай брэндийг төлөөлж уралдах болсон нь нэр төрийн хэрэг” гэж А.Жиовинацци өгүүлсэн. Тэрбээр 2017 оны эхээр гэмтэлтэй П.Верлейнийг орлож хоёр ч уралдаанд оролцсоноор 2011 оноос хойш “Формула-1”-т уралдсан анхны итали нисгэгч болж байлаа.
Антонио 2012 онд “Formula pilota China” тэмцээнд түрүүлж, удаах улирлаасаа “Формула-3”-т хүч үзэж эхэлсэн. Улмаар 2015 онд “Формула-3”, 2016 онд GP2-ын аварга шалгаруулах тэмцээнд аман хүзүүдэж байв.
Н.Энхбаяр