Сүүлийн жилүүдэд Монголын дугуйн спортын хөгжил эрс сэргэж, олон амжилтаар анхдагч, Гавьяат тамирчин Ж.Өлзий-Оршихын үргэлжлэл болох ирээдүйтэй цөөнгүй тамирчин төрсөн. Тэдний нэг нь ОУХМ Батсайханы Тэгшбаяр билээ.
20 настай тэрбээр хоёр жилийн өмнө залуучуудын ДАШТ-д түрүүлж, дэлхийн дэвжээнд Төрийнхөө дууллийг эгшиглүүлсэн анхны монгол дугуйчин болсон юм. Түүний амжилтын буухиа урд хөршид үргэлжлэв. Тэрбээр Нанжин хотод зохион байгуулсан олон улсын “Tour of Lishui” уралдаанд түрүүлжээ.
Шагналын тавцанд зогсож, шар цамц өмссөн Б.Тэгшбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би Хятад улсад хамтарсан бэлтгэлд оролцон, цуврал тэмцээнүүдэд өрсөлдөж байгаа. Монголд өдийд хүйтэн, зориулалтын замгүй болохоор бэлтгэл хийхэд хүндрэлтэй. Цаашид олимпын эрх авахын төлөө зүтгэнэ” гэжээ.