Биатлоны спортын шинэ улирал хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Тус спортын түүхэн дэх агуу тамирчдын нэг, Францын Мартен Фуркад GQ сэтгүүлд ярилцлага өгчээ.
-Та 2018-2019 оны улирлыг хэрхэн төсөөлж байна вэ?
-Эерэг хүлээлт давамгайлж байна. Сэтгэл тайван, буудлагаа бага сага сайжруулах ёстой, гэхдээ үүнд төдий л санаа зовохгүй байгаа.
Дасгалжуулагч, багийн хүмүүс өөрчлөгдсөн учир бэлтгэлд минь өөрчлөлт орсон. Энэ нь надад сэтгэл зүйн хувьд их тус болж, өөрийгөө шинэ сорилгоор цэнэглэх, 10 жилийн турш нэг хэвийн болоод байсан бэлтгэлийн зарим арга барилаа шинэчлэх боломж олголоо.
Хэдийгээр энэ бүхний үр дүн тэмцээний үеэр харагдах боловч эдгээр өөрчлөлтөд сэтгэл маш хангалуун байна.
-Олимпын аварга болж, шагнал бөөндсөн өнгөрсөн улирлын дараагаар амрах бодол танд төрөхгүй байна уу?
-Өөртөө энэ асуултыг тавьсан. Бараг жил болгон л ингэх шаардлага, мөн хүсэл надад байна уу гэж асуудаг. Гэхдээ би өөрийгөө дэлхийн шилдэг бус шилдгүүдийн нэг гэж боддог, энэ л намайг улам хичээх, өдөөх хүчин зүйл болдог юм.
Би ахин хоёр жил, Антхольцод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүртэл спортдоо үнэнч үлдэхээр шийдсэн. Энэ нь олимпын мөчлөгийн ид дунд, түүхэн хотод болох онцгой тэмцээн байх юм.
Үүний дараа л ахин хоёр жил гулгаж 2022 оны Бээжингийн олимпын наадамд оролцох, эсэх шийдвэрээ гаргах болов уу.
-Ямар шийдвэр гаргах бол?
-2020 онд би тамирчны замналаа үргэлжлүүлэх үү, эсвэл өөр зүйл оролдох уу гэдгээ шийднэ.
-Р.Федерер, К.Райкконен, Ж.Буффон нарын 40 нас хүртлээ тухайн спортдоо тэргүүн байр эзэлж байгаа тамирчидтай та өөрийгөө зүйрлүүлж боддог уу?
-Нас явах тусмаа би амжилт гаргаж байгаа ахмад тамирчдаар улам их бахархах боллоо. Үүнд ямар их хүсэл зориг, золиос хэрэгтэйг би сайн ойлгож байна.
Р.Федерер ахин сайн тоглож эхлэхээсээ өмнө хэдэн жил тааруухан амжилттай байсан. Түүн шиг байж чадах, эсэхэ би одоо хэлж чадахгүй. Хэрэв би биатлоноо орхих болбол энэ нь тайван бөгөөд хялбар шийдвэр байх юм.
-Бусад спортын тамирчин шиг зодог тайлаад спортоос олсон мөнгөөрөө амьдралаа авч явах боломж бий юу?
-Францад спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэдэг тамирчдын хувьд ингэх боломж бараг байхгүй. Гэхдээ ирээдүйгээ баталгаатай болгож чадсан Тедди Ринье, Кевин Майер зэрэг цөөхөн азтануудын нэг нь би.
Гэхдээ энэ нь би ахин ажиллахгүй, цаашид юу ч хийхгүй байна гэсэн хэрэг биш. Цаашдаа хувийн эсвэл мэргэжлийн тал дээр ямар нэг төлөвлөгөө гаргахдаа мөнгө олох тухай бодохгүй дээ гэсэн бодол намайг тайвшруулдаг.
Францын спортын ертөнцөд мөнгөнд санаа зовохгүй амьдрах цөөхөн хэдэн тамирчны нэг болсон би маш азтай хүн.
-2017-2018 оны улиралд та сүрдэм амжилтад хүрч, олимпоос гурван алтан медал хүртсэнээс гадна “Дэлхийн цом”-д есөн удаа түрүүлж, 20 удаа дараалан шагналын тавцанд хөл тавьсан.
Гэсэн ч Францын шигшээ баг дэлхийн аварга болсон учраас та улсынхаа шилдгээр нэрлэгдэхгүй байх магадлалтай. Та үүнд харамсаж байна уу?
-Дэлхийн аваргын тэмцээний үеэр хүмүүс үүнтэй холбоотойгоор намайг их “явуулж” байсан шүү. “Хэрэв францчууд дэлхийн аварга болбол чи L`Equipe эсвэл GQ сэтгүүлийн “оны шилдэг тамирчин” болж чадахгүй нь дээ” гээд л хошигнодог байлаа.
Үүнийг би огт тоолгүй шигшээ багаа чин сэтгэлээсээ дэмжсэн. Дэлхийн аваргын тэмцээний ач холбогдол, нийгэм болоод спортод үзүүлсэн нөлөөг нь бодож үзвэл би мэдээж “оны шилдэг” болохгүй.
К.Мбаппе, А.Гриззман болон шигшээ багийнхан бүгдээрээ энэ алдрын эзэн болох эрхтэй, учир нь бид баг хамт олны амжилтын талаар ярьж байна шүү дээ. Харин үүний эсрэгээр, өмнө нь хэний ч хүрч байгаагүй амжилт, жилээс жилд давтагдахаас гадна олон жилийн турш үргэлжилж буй амжилтын талаар ярьж байгаа бол миний нэрийг дэвшүүлж болох юм.
Гэхдээ тэдгээр хэвлэл мэдээлллийн хэрэгсэл, холбоо ямар сонголт хийхийг би шийдэхгүй. Тэд хэнийг ч сонгосон би өөрийгөө ялагдсан гэж үзэхгүй.
Н..Энхбаяр