Монголын үндэсний олимпын академи, Монголын хөнгөн атлетикийн холбоо, мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийнхан 1964, 1968 оны өвөл, зуны олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон ахмадууддаа жил бүр хүндэтгэл үзүүлдэг.
Уламжлал ёсоор тав дахь жилдээ зохион байгуулсан эл арга хэмжээнд 1968 оны зуны олимпын наадмын хүрэл медаль, Монгол Улсын ардын багш, Гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав, 1972 оны Мюнхений олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Хорлоогийн Баянмөнх, өвлийн олимпын наадамд цанын спортын төрлөөр оролцогч, ОУХМ Лувсан-Аюушийн Дашдэмбэрэл нарын 20 гаруй ахмад тамирчин оролцож, оюутан, сурагчдын асуултад хариулж, өөрсдийн намтар, түүхийг ярьж, туршлагаасаа хуваалцан, зөвлөгөө өглөө.
Мөн МҮОХ-ны мэргэжилтэн З.Гомбодорж “Ахмадуудын хөдөлмөрийн үр шим, түүхэн замнал нь хүүхэд, залуучуудад үлгэр жишээ болох төдийгүй юугаар ч сольшгүй үнэт эрдэнэ” хэмээн 1968, 1968 оны өвөл, зуны олимпын наадамд оролцсон баг тамирчдын үзүүлсэн амжилт, түүхэн ач холбогдлыг онцлов.
Арга хэмжээний үеэр мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийнхны гаргасан амжилт, авсан цомнуудын үзэсгэлэн болон олимпын медальт ахмад тамирчдын намтарыг дэлгэсэн байлаа.
Мөн “Түмэн эх”, “Хилчин” чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ өргөлөө. Уг арга хэмжээнд их, дээд сургуулийн оюутан, эрдэмтэн багш нар, БСШУСЯ, МҮОХ, спортын холбооноос нийт 250 гаруй төлөөлөл оролцсон юм.