Оросын тэрбумтан Роман Абрамович өөрийн 100 хувь эзэмшлийн “Челси” клубээ худалдах нь зөв гэсэн шийдвэрт нэгэнт хүрчээ. Учир нь Английн төр засгийн зүгээс түүний хөрөнгийн хууль ёсны гарал үүсэлд итгэхгүй бөгөөд энэ хүрээнд түүний хөрөнгө мөнгөнд шалгалт хийж буй. Ингэхдээ уг асуудал нэг тийш болтол Британид бизнес эрхлэх эрх олгодог төрлийн виз олгохоос татгалзснаар “Челси” клубээ удирдах Абрамовичийн боломж хаагдсан. Иймийн учир тэрбээр яаралтай арга хэмжээ авч Израиль улсын иргэншилтэй болж, Будант Альбионд богино хугацаанд түр оршин суух эрхтэй болсон юм. Ингэхдээ багийнхаа үйл ажиллагаанд оролцох эрхгүй төдийгүй тоглолтыг цэнгэлдэхээс үзэх ч боломжгүй хэвээр байна. Энэ үед Британийн бизнесмен Жим Рэтклифф “Челси” клубийг нь 2.68 тэрбум доллароор авах саналыг тавихад Оросын бизнесмэн татгалзсан хариу өгсөн. Хэрэв дээрх наймаа биеллээ олсон бол спортын түүхэнд спортын клуб хамгийн өндөр үнээр борлогдсон дээд амжилт болох байлаа. Рэтклифф хөлбөмбөгийн багтай болох хүсэлдээ хөтлөгдсөн хэвээр байгаа бөгөөд Абрамовичид дахин нэг саналыг тавих гэж байгаа тухай Английн хэвлэлүүд мэдээлж байна. Ноён Абрамович ч гэсэн наймаа хийхэд бэлэн байгаа гэнэ. Гэхдээ 3.9 тэрбумын үнэд хүргэхийг хүсч байгаа сурагтай. “Форбс” сэтгүүлийн 2018 оны үнэлгээгээр “Челси” клубийн зах зээлийн үнэ 2.06 тэрбум байна.