“Спортод дэлхийг өөрчлөх хүч байдаг” хэмээн Олон улсын олимпын хороо (NOC)-ны ерөнхийлөгч Томас Бах өгүүлсэн. Спортын буянаар улс орнууд энх тайван оршиж, өгөөжөөр нь хүмүүс эрүүл, саруул аж төрөн, тамирчдынхаа амжилтаар бахархан, эх орондоо мэндэлж, хүн болж төрснийхөө утга учрыг улам гүнзгий мэдэрдэг нь далд хүчнийх нь увдис биз ээ.
Тэртээ 1921 онд Д.Сүхбаатар жанжин Ардын хувьсгалын анхдугаар жилийн ойг ёслох тухай 30 дугаар тушаал гаргаснаар монголчууд спортын хүчийг анх мэдэрч, Монгол Улсад биеийн тамир, спортын салбар үүсэж, хөгжсөн түүхтэй. Манай спортынхон тэр үеэс өдий хүртэлх намтар баян түүхийн жимээр өртөөлөхдөө олимп, дэлхийн дэвжээнээс медалийн хур буулган, дэлхийд үнэлэгдэх амжилт, үлгэрлэх санаачилга олныг гаргасан.
Тэд Төрийн ордонд өчигдөр чуулж, алдаа оноогоо хэлэлцэн, хөгжлийн гарцыг эрэлхийлэв. Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан “Спорт ба хөгжил” зөвлөгөөн монголчууд олимпоос анхны медалиа хүртсэний 50, аваргатай болсны 10 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог.
Спорт холбоодын удирдлага, тамирчин, дасгалжуулагч, эрдэмтэн, судлаачдыг төлөөлөн 500 гаруй эрхэм оролцсон дөрөв дэх удаагийн зөвлөгөөнийг У.Хүрэлсүх нээхдээ “Залуусыг эх орноороо бахархдаг, хайртай бие хүн болж төлөвшихөд спортын үүрэг асар их. Өнөөдөр НҮБ болон түүний гишүүн орнууд биеийн тамир, спортыг иргэдийнхээ эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, улс үндэстний эв нэгдлийг дэмжих хэрэглүүр гэж үзэн эл салбарыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байна.
Шинэчлэн баталсан Биеийн тамир, спортын тухай хуульд төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад гэрээгээр шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүллээ. Энэ жил Ерөнхий сайдын ивээл дор “Иргэдийн спортын наадам”-ыг анх удаа зохион байгуулна” гэв.
Мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Монголд спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус 1200 гаруй байгууллага бий. Төрөөс үндэсний шигшээ багийн тамирчдыг цалинжуулах, тэмцээнд оролцуулахад 5.4, эх орондоо дотоодын болон олон улсын тэмцээн зохион байгуулахад 2.8 тэрбум, нийтийг хамарсан спортын үйл ажиллагаанд 549.2 сая төгрөг зарцуулж байна” хэмээн онцоллоо.
Одоогоос 50 жилийн өмнө Мехикод болсон олимпоос Монголын тамирчид анхны медалиа хүртэн, түүхэн амжилтын эзэн болсон билээ. БТСГ-аас эх орноо дэлхийд алдаршуулсан дөрвөн тамирчныхаа дүрс бүхий мөнгөн зоосыг Монголбанкны Эрдэнэсийн санд захиалан, урлуулснаа өчигдөр дурсгав.
Хүндэтгэлийн зоосыг Ардын багш Ч.Дамдинбазар, Д.Сэрээтэр, Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, дархан аварга Ж.Мөнхбат агсны гэргий Ө.Тамир, Гавьяат тамирчин Т.Артагийн эхнэр Д.Баярлах нарт гардууллаа. Мөн олимпын дэвжээнээс медаль хүртсэн үе үеийн тамирчдад хүндэтгэл үзүүлэв.